“Сэтгэлзүй – сурган хүмүүжүүлэх асуудалд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох байдал” сэдэвт олон улсын онлайн уулзалт болж өнгөрлөө

2021 оны 3-р сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн Их сургууль, Бүс нутгийн инклюзив боловсролын төвөөс “Сэтгэл зүй-сурган хүмүүжүүлэх асуудалд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох байдал” сэдэвт олон улсын Y онлайн дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн онлайн ярилцлага нь боловсролын байгууллагын хүртээмжтэй орчинд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд тулгарч байгаа их сургуулийн сэтгэлзүйн болон сурган хүмүүжүүлэх дэмжлэг, дасан зохицохуйн асуудлыг хөндөн гаргаж тавьснаараа чухал ач холбогдолтой болов. 

 Энэхүү уулзалтад Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн их сургууль, Череповецийн их сургууль, Донецскийн анагаах ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэд, багш нар, судлаачид  оролцож, онлайн сургалт болон оюутанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх,уг асуудлыг хэлэлцлээ.

Бага хурлыг Өвөр Байгалийн их сургуулийн Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Нина Виноградова, Череповецийн их сургуулийн Дефектологийн боловсролын тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Ольга Денисова нар удирдан явууллаа.

Өвөр Байгалийн их сургуулийн Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн дэд профессор Марина Семина “Хүртээмжтэй боловсролын орчинд сэтгэл санааны хэт ядралтаас багш нарыг урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл тавилаа .

Тус уулзалтад Череповецийн их сургуулийн профессор Ольга Денисовагийн “Хүртээмжтэй боловсролын орон зай нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын хүрээлэн буй нийгмийн соёлд дасан зохицох, нэгтгэх эх үүсвэр мөн“ сэдэвт илтгэл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн профессор Б.Ариунсанаагийн ”COVID-19-ийн оюутан залуусын сэтгэл зүйн асуудалд” сэдэвт илтгэл болон Донецскийн анагаах ухааны их сургуулийн профессор Анна Дубовагийн “Донецскийн анагаах ухааны их сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг суралцуулах нөхцөлийн дүн шинжилгээ” сэдэвт хэлэлцүүлсэн илтгэлүүд оролцогсдын сонирхлыг зүй ёсоор татаж, илтгэгчдийн хөндсөн асуудлын  ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

Уулзалтад оролцогчид их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа байнгын шинжтэй  байгааг сайшаан тэмдэглэж,  эдгээр үйл ажиллагааны үр дүнд суралцагсдын  сэтгэл зүй болон багш нарын сурган хүмүүжүүлэх асуудалд  эергээр нөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply