ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” Анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдааны шилдэг илтгэлүүд тодорлоо

АШУҮИС-ийн “Эрдмийн Чуулган-63” Анагаах Ухааны Боловсрол Судлалын салбар хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00-14:00 цагт “АНАГААХЫН БОЛОВСРОЛ БА ЦАХИМ ШИЛЖИЛТ” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Зочин илтгэгчээр Мэргэжил дээшлүүлэх институтын захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Баясгалан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Анагаахын боловсрол судлалын чиглэлээр гарсан шинэ ололт, амжилтыг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдаан 3 дах жилдээ бие даан зохион байгуулагдаж 100 гаруй эрдэмтэн багш, судлаачид чууллаа.

Энэ удаагийн хуралдаанд багш, судлаач, эмч, сувилагчдын ирүүлсэн 65 илтгэлээс шилдэг 11 илтгэлийг хэлэлцэж, Тэргүүн байранд С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, С.Долгорсүрэн, Б.Мөнхбаясгалан, С.Оюун-Эрдэнэ, Б.Солонго, Б.Оюунгоо нарын “Хөдөлмөр засал хөтөлбөрийн чанар хүртээмжийн үнэлгээ” сэдэвт илтгэл, Хоёрдугаар байранд Б.Балжинням, С.Гал-Эрдэнэ, Г.Нарансүх, С.Хандмаа нарын “Цахим сургалтын талаарх багш нарын сэтгэл ханамж” сэдэвт илтгэл, Гуравдугаар байранд С.Хандмаа, Х.Сэр-Од, Б.Балжинням, С.Гал-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Нямдорж, Г.Батбаатар нарын “Цахим сургалтын талаарх оюутны үнэлгээ ба сэтгэл ханамж” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

КОВИД-19 цар тахлын улмаас сургалт цахим хэлбэрт шилжсэн энэ онцлог үед багш нар боловсрол судлалын судалгаандаа цахим сургалтын үеийн онцлогыг судалж, багш суралцагчдын сэтгэл ханамж, сургалтын технологи, үйлийн судалгааг түлхүү хийсэн нь өмнөх жилүүдээс онцлогтой байна.

Хамтдаа судалж, хамтдаа хөгжсөн Эрдмийн чуулганд хэлэлцэгдсэн бүтээлүүд дэлхийн түвшний сэтгүүлүүдэд хэвлэгдэхийг хүсэн, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.