Эрдмийн чуулган

МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН-62

  Монгол улсын ууган их сургуулиудын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Жаран хоёр дахь удаагийн Эрдмийн Чуулган цахим хэлбэрээр 2020 оны 5 дугаар сарын 25-ний өдөр “Шинэ Коронавируст халдвар (COVID-19)”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд АШУҮИС-д амжилттай зохион байгуулагдлаа.

   Эрдмийн чуулганыг АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж эхлүүлсэн бөгөөд Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ц. Хулан, АШУҮИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан Ц. Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, АШУҮИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачдад эрдмийн баярын мэнд хүргэв.

  Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа АШУҮИС-ийн Эрдмийн Чуулганд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Анагаах Ухааны Академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Япон Улсын Токушима их сургууль, БНХАУ-ын Бээжингийн АУ-ны сургууль, Өвөр Монголын Үндэсний их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Анагаахын сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, багш, судлаачид 60 гаруй мянган хүн шууд live хэлбэрээр цахимаар холбогдон оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа цар тахлын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаарх сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнгүүд, эрдэмтэн судлаачдын шинэлэг бүтээлүүдийг хэлэлцэж, коронавирусийн халдварын цар тахлын талаар нотолгоонд суурилсан шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээж, үүгээрээ дамжуулан монгол улсын төр засаг, ард иргэдэд цар тахлын халдварын талаарх тэгш, хүртээмжтэй, нотолгоонд суурилсан шинжлэх ухааны шинэ мэдээллийг хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болов.

  АШУҮИС-ийн Эрдмийн Чуулган 62-т ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Диордица ”COVID-19-ийн халдвар бэлэн байдал ба авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, П.Нямдаваа академч “Шинэ Коронавируст халдварын цар тахлын үүсгэгч, тархвар судлал, эмнэлзүй”, АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон “Коронавируст Халдвар (КОВИД-19)-ын цар тахал: хэрэгжүүлж буй арга хэмжээ ба үр нөлөө” Япон улсын Токушима их сургуулийн халдварын хяналтын багийн дэд захирал доктор Ms. Momoyo Аzuma “COVID-19 халдвар бүртгэгдсэнээс үүдэлтэй эмнэлэгт үзүүлэх үр дагавар”, Токушима их сургуулийн сувилахуйн албаны дарга MS. Tomoko Takagai“COVID-19 халдвараас өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах арга хэмжээ”, халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ц.Чинбаяр ”Монгол улсад бүртгэгдсэн COVID-19 халдварын батлагдсан тохиолдол, оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлзүй, лабораторийн шинжилгээний зарим дүн”. ОХУ-ийн Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулийн Профессор Бурданова “Эрхүү мужид бүртгэгдсэн COVID-19 халдварын эмнэлзүй”, дэд захирал, профессор ботвинкин “Эрхүү мужид бүртгэгдсэн COVID-19 халдварын тархалт”, халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ц.Наранзул “COVID-19 халдвартай хүмүүсийн вирус тээх хугацааг тодорхойлсон дүн” БНХАУ-ийн Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн доктор Wei Wang “Коронавирусийн эмчилгээнд Qingfei Paidu хэрэглэсэн үр дүн”, Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлгийн орлогч дарга профессор Zhang Qing Shan “Коронавирусийн халдварын үеийн уламжлалт эмчилгээ, сувилгааны туршлага” сэдвүүдээр эрдэм шинжилгээний нийт 11 илтгэл хэлэлцэгдлээ.

  Мөн түүнчлэн энэ удаагийн эрдмийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэлийн дэмжлэгээр АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар судлаачид Монголын Уламжлалт Анагаах Ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх, монгол түмний оюуны шавхагдашгүй ундаргыг хойч үедээ өвлүүлэх ажлыг эхлүүлж, энэ билэгт сайн өдөр номынхоо нээлтийг хийлээ.

  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эрдэмтэн, багш судлаачдын эрдмийн баяр болох Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Эрдмийн чуулганд бүрэлдэхүүний 8 сургууль, хөдөө орон нутгийн салбар 3 сургуулийн 10 эрдмийн зөвлөлөөс шилдгээр шалгарсан эрдэм шинжилгээний илтгэлүүдэд шилдэг илтгэлийн урамшуулал олголоо.  Эрдмийн чуулганы Анагаахын салбарын шилдэг илтгэлээр Д.Мөнхзул удирдагчтай “ДНХ-ийн засварын генүүдийн полиморфизмыг миелодисплазын хамшинжийн цусны шинжилгээний өөрчлөлттэй харьцуулан судалсан дүн” Био-Анагаахын салбарын шилдэг илтгэлээр Ц.Наранзул удирдагчтай “COVID-19 халдвартай хүмүүст вирусийн ачаалал, вирус тээх хугацааг тодорхойлсон дүн”, Нийгмийн эрүүл мэндийн салбарын шилдэг илтгэлээр Л.Хоролсүрэн удирдагчтай “Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээ”, Монгол Уламжлалт Анагаах Ухааны салбарын шилдэг илтгэлээр Н.Оюунцэцэг удирдагчтай “Тархинд цус тасалдах эмгэг загварт хүдрийн заарын мэдрэлийн эсийн хамгаалах үйлдлийн нөлөөг судалсан дүн”, Сувилахуйн салбарын шилдэг илтгэлээр Э.Наранцэцэг удирдагчтай “Тамхи татдаг хүмүүсийн захын артерийн судасны эмгэгийг илрүүлэх нь”, Нүүр Ам Судлалын салбарын шилдэг илтгэлээр Б.Сапаар удирдагчтай “Бүрээс хийгдэх шүдний засалтыг дижитал аргаар тодорхойлсон дүн”, Эм Зүйн салбарын шилдэг илтгэлээр Б.Тунгалаг удирдагчтай “Сульфатад полисахаридын томуугийн вирусийн эсрэг үйлдлийн механизмын судалгаа”, Эрдмийн Сургуулийн шилдэг илтгэлээр “Давсагны хавдартай хүмүүст GSTM1 ба NAT2 генийн олон хэлбэршилтийг судалсан дүн”, Анагаах Ухааны боловсрол судлалын шилдэг илтгэлээр “Харвардын T2T болон T2C сургалтын харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлүүд шалгарлаа.  

  АШУҮИС нь судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд багш нарын эрдэм судлалын ажлын эрх зүйн орчны болоод бүтэц тогтолцоо, сэтгэлгээний шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд багш судлаачдын судалгааны бүтээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны таатай орчинг бүрдүүлэх, судалгааны ажлын чанарыг ахиулах, тэргүүлэх судалгааны чиглэлийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний дэд бүтцийг сайжруулах, эрдэмтэн судлаачдын академик эрх чөлөөг эрхэмлэх, судлаачдыг дэмжих зорилгоор жил бүр олон улсын чансаа өндөр эрдэм шинжилгээний сэтгүүлд АШУҮИС-ийн нэрээр бүтээлээ хэвлүүлсэн багш судлаачдад их сургуулийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгож ирсэн уламжлалтай. Энэ удаагийн эрдмийн чуулганы үеэр Нидерландын Вант Улсын Гронингений Их Сургуульд АУ-ын докторын зэрэг хамгаалж, SCOPUS платформд бүртгэлтэй олон улсын чансаа өндөр сэтгүүлд /impact factor-10.1/ эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн АУС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш Б.Оюунтөгсд шилдэг бүтээлийн урамшуулал олголоо.

  Цахим эрдмийн чуулганд бүрэлдэхүүний сургууль болон хүрээлэнгүүдийн эрдэмтэн профессор, багш, судлаачдын туурвисан 400 гаруй бүтээлээс бүрдсэн “Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Жаран Хоёрдугаар Эрдмийн Чуулган”-ы илтгэлийн хураангуй ном, 60 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бүхий эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүл хэвлэгдэн цахим ном хэлбэрээр багш судлаачдын хүртээл болсон байна. Илтгэлийн хураангуй болон эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн цахим хувилбарыг доорх холбоосоор орж үзнэ үү.   

Үзэх

Илтгэлийн хураангуй болон эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн цахим хувилбарыг доорх холбоосоор орж үзнэ үү.   

ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН СЭТГҮҮЛ

   АШУҮИС-ийн Эрдмийн Чуулган-62 анх удаа цахим хэлбэрээр орон даяар олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эрдмийн чуулганыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Газар, Бүрэлдэхүүн Сургуулийн Эрдмийн Зөвлөл, Эрдмийн Сургууль, Мэдээлэл Технологийн Алба, Гадаад Харилцааны Газар, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Монгол-Японы Эмнэлгийн Шим Судлалын Алба болон бусад газар алба хэлтсийн мэргэжилтэн, багш, судлаач, оюутан залуустаа талархал илэрхийлье.

“Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Эрдмийн Чуулган – 62” Зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн ахлагч:

Д.Отгонбаяр     Шинжлэх ухаан, технологийн газрын дарга

Нарийн бичгийн дарга:

Г.Ганхуяг             Сувилахуйн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Ажлын хэсгийн гишүүд:

Б.Баянмөнх         Мэдээлэл технологийн албаны дарга

Г.Эрдэнэтуяа      Анагаах ухааны эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Т.Алимаа             Монгол анагаах ухааны эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Ж.Мөнхцэцэг      Био-анагаахын эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Л.Мөнх-Эрдэнэ  Нийгмийн эрүүл мэндийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга          

Х.Даариймаа      Эм зүйн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Б.Цэлмэг            Нүүр ам судлалын эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

С.Оюунцэцэг      АУБС-ын зөвлөлийн нарийн бичгийн дарга

О.Чимэдсүрэн    Эрдмийн сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

Л.Содномцогт    Цөм лабораторийн эрхлэгч

З.Отгон               Инновац технологи дамжуулах төвийн дарга

Б.Жавхлан          Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн

Г.Индра               Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн

Т.Энхнаран         Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн

Э.Чимэддулам   Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн

Б.Галиндэв         Цөм лабораторийн туршилтын амьтны хэсгийн судлаач

Г.Ууганзаяа         Мэдээллийн системийн инженер, мэдээлэл технологийн алба

Э.Батхөлөг         Техникийн инженер, мэдээлэл технологийн алба