Тойм >Он цагийн хэлхээс

Он цагийн хэлхээс

Он цагийн хэлхээс

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет

(1942-1961)

        Монгол улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж эхэлсэн далан жилийн түүхийн эхлэл 1942 онд тавигджээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1940 оны 12-р сарын 06-ныөдрийн 45-р тогтоолоор Монгол Улсын Университет байгуулах шийдвэр гарч, 1942 онд 3 салбартайгаар байгуулагдсаны нэг нь Хүн эмнэлгийн факультет байлаа.

Ч.Чимэддамба нь 1942 оны 10-р сарын 18-ны ректорын 1-р тушаалаар анхны элсэгчдээ баталж, уг тушаалд мэргэжилтэн багш, сургалт хүмүүжил эрхэлсэн захирал С.А.Кудряшовын хамт гарын үсэг зуржээ.

Анатомич, доцент В.Н.Топольскийн удирдлагатайгаар, 7 тэнхим бүхий Хүн эмнэлгийн факультет зохион байгуулагдаж, 34 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлснээр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн суурь тавигдсан юм.

       Улсын их сургуулийн ректорын 1942 оны 10 дугаар сарын 18-ны тушаалаар Хүн эмнэлгийн факультетийн үндсэн ангид анхны оюутан Б.Рагчаа, Г.Лодон, Г.Дорж, Ч.Долгор, Ц.Долгор, Ц.Ишханд, Ч.Гомбогарам, Цэдэвмаа, А.Дарь, Б.Цэрэнлхам, Лхамжав, Цэрмаа, С.Дулмаа, Р.Нямаа, Цэнд, Дамдинсүрэн, Шура, Бух, Сэжидмаа, Цэрэннадмид, Шагдар нарын монголын 24, , оросын 10 оюутан,  нэг жилийн бэлтгэл ангид Г.Цэрэндулам, Бадамцоо, Цэрэнцоо, Даваахүү, Дулам, Дариймаа, Ичинхорлоо, Цэрэнжав, Готов, Раднаа, Гэндэндорж, Нямцоо, Бат-Очир нарын 19 хүн монгол сонсогчид суралцаж эхэлжээ. Хүн эмнэлгийн факультет нь ЗХУ дахь хүн эмнэлгийн их дээд сургуулиудын 1 -р ангид үзэх ёстой сургалтын хичээлийн программыг үндэслэн, өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд тохируулсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээллэж эхэлсэн ба тус факультетийн ихэнх багш нар оросоос уригдаж ирсэн эрдэмтэд байсан учир нийгмийн ухаанаас бусад бүх хичээлийг орос хэл дээр явуулж байлаа.

         Сүхбаатарын талбайн ойролцоо байдаг холбооны техникийн байр, 2 давхар жижиг байшинд анхны хичээлүүд орж,  ангиудын багтаамжаас шалтгаалан төв номын сан, клиникийн төв эмнэлэг, 1-р арван жилийн сургуулийн байранд зарим ангиуд хичээллэж эхэлсэн байна.

Анагаах Ухааны Дээд Сургууль

(1961-1990) 

      Манай орны хүн амын тоо өсч, боловсрол, шинжлэх ухаан, соёлын түвшин түргэн хурдацтай дээшилсэнтэй холбоотой түүний эрэлт хэрэгцээг хангах эмнэлгийн дээд боловсролтой үндэсний их эмч, мэргэжилтний тоо жил тутам нэмэгдсээр ирсэн байна.

Анагаах ухааны салбарт үндэсний эрдэмтэд төрөн гарч, сургалтын материаллаг бааз бүрэлдэн бий болж, нарийн мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ нэмэгдэн МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг өргөтгөх шаардлага зүй ёсоор урган гарч 1961 онд Анагаах ухааны дээд сургуулийг байгуулсан байна.

        МУИС-ийн ректорын 1960 оны 396 тоот тушаалаар АУДС-ийг зохион байгуулах комиссыг дэд эрдэмтэн Д.Балдандоржоор толгойлуулан доцент, дэд эрдэмтэн Т.Шагдарсүрэн, Г.Жамба, В.Ичинхорлоо, Б.Рагчаа, Б.Цэрэнлхам, П.Долгор, З.Энэбиш, Б.Од, Ч.Чүлтэмдорж, Н.Гэндэнжамц, Н.Цоодол нарын бүрэлдэхүүнтэй томилж, Хүн эмнэлгийн факультетийн эрдмийн зөвлөлийг Д.Балдандорж тэргүүтэй 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж дээд сургууль байгуулах төсөл, төлөвлөгөөг бүхий л талаас нь боловсруулан хэлэлцэж батлан, төр засгийн дээд байгууллагадаа өргөн барихыг даалгасны дагуу уг ажлыг хийж гүйцэтгэн холбогдох тогтоол шийдвэр нь гарчээ.

          Ийнхүү МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны хурлын 1961 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 179-р тогтоол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 8-р сарын 16-ны өдрийн 431-р тогтоолын заалтаар 1961-1962 оны хичээлийн жилээс Анагаах ухааны дээд сургууль МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, эрүүл ахуй, нүүр ам судлал, эм зүйн гэсэн таван салбартайгаар 20 гаруй тэнхим, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, биеэ даасан дээд сургууль болон ажиллаж эхэлсэн юм.

Анагаах Ухааны Их Сургууль

(1990-2002) 

         Анагаах Ухааны Дээд Сургуулийг БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 154 дүгээр тогтоолыгүндэслэн Ардын боловсролын яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайд нарын хамтарсан 124/А44 тоот тушаалын заалтаар 1991 онд Анагаах Ухааны Их Сургууль /АУИС/ болгон өргөжүүлэн зохион байгуулсан билээ.

       АУИС байгуулагдсан үе нь манай орны ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байсан үе байлаа. Иймд хөгжсөн орнуудын анагаах ухааны сургуулиудын туршлагыг судлан Монгол орны анагаах ухааны боловсролыг өөрчлөн боловсронгуй болгох их боломж тохиосон юм. Тус сургууль нь их сургууль болсноор эмч, мэргэжилтэнг их сургуулийн түвшинд бэлтгэх зорилт тавигдсан билээ. Нэг үгээр хэлбэл анагаах ухааны онолын суурь мэдлэгийг оюутнуудад гүнзгий эзэмшүүлэх, сонгон суралцах боломжийг ихээхэн нэмэгдүүлэх шаардлага тавигдсан.

         Их сургууль болсон эхний жилүүдэд сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох эрэл хайгуул, судалгаа хийж өнөөгийн бүтцийн тогтолцоонд хүрэх эхлэл бэлтгэлийг хийж байлаа. Багш нар ялангуяа залуучуудын дотор ардчилал шинэчлэлтийн уур амьсгал орж, улс орон даяар шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн он жилүүд байлаа.

       2002 он гэхэд АУИС нь бүрэлдэхүүндээ Монголын уламжлалт анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэндийн гэсэн 3 сургуультай, мэргэжлийн 37 тэнхимтэй, Эрдэм шинжилгээний төв лаборатори, Анагаах ухааны төв номын сантай, харьяалалдаа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул, Улаанбаатар хот дахь анагаах ухааны коллежуудыг багтааж байжээ. Дараах 9 мэргэжлээр оюутан элсүүлэн эмч, мэргэжилтэн бэлтгэж байсан. Үүнд:

1.Анагаах

2.Уламжлалт анагаах

3.Нийгмийн эрүүл мэнд

4.Нүүр ам судлал

5.Эрүүл мэндийн эдийн засаг, статистик

6.Биоанагаах

7.Эмзүй

8.Спортын анагаах

9.Хилийн цэргийн эмч

       Жилдээ анагаахын ангид 200 гаруй оюутан, Уламжлалт анагаах, Нүүр ам судлал, Эмзүйн ангиудад тус бүр 45 оюутан, бусад ангиуд тус бүр 25, бүгд 450-500 оюутан элсүүлэн суралцуулж байлаа. АУИС-д 2002 оны байдлаар 2100 гаруй оюутан, 28 мэргэжлээр350 резидент, 23 мэргэжлээр 92 магистрант, 22 мэргэжлээр 38 докторант суралцаж, 300-аад профессор багш нар ажиллаж байсан ба нийт багш нарын 45% нь эрдмийн зэрэг цолтой байжээ.Эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ жил бүр 500-600 эмч, эмзүйчийг мэргэшүүлэх, давтан сургах ажил явуулж, нийт төгсөгчдийн 70 гаруй хувийг хамруулсан байна.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

(2002-2014) 

        2002 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан тус сургуулийн удирдах зөвлөл нь АУИС-ийн шинэчилсэн бүтцийг авч хэлэлцээд их сургуулийн сонгодог бүтэцтэй байхаар баталсан ба сургуулийн нэрийг “Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль” (alth Sciences Unviversity of Mongolia) болгон өөрчлөхийг зөвшөөрснийг цаашид уламжлан Монгол Улсын Засгийн Газрын 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 5 сарын 6-ны өдрийн 149 тоот тушаалаар Анагаах Ухааны Их Сургуулийн нэрийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан билээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

(2014-)

         ЭМШУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэний үндсэн дээр БШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/134 тоот тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилсөн.