Тойм >Сургуулийн тухай

Сургуулийн тухай

Сургуулийн тухай

Эрхэм зорилго

     Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол,  эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн  Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байхад оршино.

Стратегийн зорилтууд

       НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ

   ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ

          ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ

     Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. Хүн эмнэлгийн факультет анхны төгсөлтөө 1947 онд хийж, 14 их эмчийг бэлтгэн төгсгөсөн. Анхны 14 эмчийн 9 нь төрөлх сургуульдаа багшилсан байна.

     МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.

    Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

     БНМАУ-ын Засгийн газраас тогтоосны дагуу өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэн, улс орны ирээдүйн хөгжилд дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал болж байгааг харгалзан их, дээд сургуулиудыг цаашид сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болгох зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд Анагаах ухааны их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

     АШУҮИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн “Хариуцлага – чанарын хяналт”  уриан дор эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын ажлын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан–сургалт-үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг тавин ажиллаж байна.

     АШУҮИС нь жилдээ Анагаах ухааны сургуульд 366, Уламжлалт анагаахын сургуульд 128, зүү төөнө 30, Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 127, Нүүр ам судлалын сургуульд 126, Био анагаахын сургуульд 150, Эм зүйн сургуульд 91,  Сувилахуйн сургуульд 760, Дархан 427, Говь-Алтай , Дорноговь   хөдөө орон нутаг дахь бусад салбар сургуулиудад, нийт 2173 оюутан элсүүлэн суралцуулдаг.

     Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй.

     АШУҮИС-ийн тулгын чулуу тавигдсанаас хойш 70 жилийн хугацаанд хүний их эмч 11188, хүүхдийн эмч 1953, уламжлалт анагаахын эмч 628, эрүүл ахуйч 1107, шүдний эмч 1738, эм зүйч 1110, био анагаах судлаач 149, эрүүл мэндийн эдийн засагч 167, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 152, эрүүл мэндийн мэдээлэл зүйч 107, спортын анагаахын эмч 46, бүгд 18345 эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

АШУҮИС-ийн бүтэц                                     

        2014 онд бүрэлдэхүүндээ 41 тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын, Санхүү, эдийн засаг, Гадаад харилцаа хамтын ажиллагааны, Хангамж үйлчилгээний газрууд, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Мэдээлэл технологийн, Мэргэжил дээшлүүлэх институт, Оюутны, Эрдмийн сургалтын  албадууд, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Шинжлэх ухаан технологийн төв, Цөм лаборатори, Анагаах ухааны төв  номын сан, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны I, II, III байр, “Эрхэс” сувилал, “Баян чандмань” сувилал, НАСС-ийн эмнэлэг зэрэг нэгжтэй ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын шийдвэр, БШУ-ны сайдын тушаалаар Анагаах ухааны хүрээлэнг тус сургуулийн харьяа болгосон.

 

          Тус сургуульд одоогийн байдлаар 21 мэргэжлээр 13000 оюутан, 713 резидент эмч, төрөлжсөн нарийн мэргэжилээр 110, сувилахуйн чиглэлээр 11,  магистрант 694, докторант 161 суралцаж байна. Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтанд нийт 834 эмч хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлж, байгуулагдсан цагаасаа хойш нийт 16771 хүний их эмчийг бэлтгэн гаргаад байна.