Элсэлт > Гадаад > Гадаад иргэд суралцуулах

Гадаад иргэд суралцуулах

Гадаад иргэд суралцуулах

АШУҮИС-д гадаадын иргэдийг суралцуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.АШУҮИС-д гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах үйл ажиллагааг энэхүү журмыг үндэс болгон зохицуулна.

1.2.Энэхүү журам нь Монгол улсын дээд боловсролын тухай хууль, БШУ-ны Сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам, АШУҮИС-ийн дотоод журам, дүрэмд үндэслэнэ.

1.3.АШУҮИС-д суралцах хүсэлтэй гадаадын иргэн нь Монгол улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандартад нийцэх дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

Хоёр. Элсэлт

2.1. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлж суралцуулах асуудлыг Оюутны алба, Эрдмийн сургалтын алба, Мэргэжил Дээшлүүлэх Институт хариуцаж ажиллана.

2.2. Бүх шатны элсэлтийг жил бүрийн 6.7.9 дүгээр сард зохион байгуулна.

2.3. Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний яриа, бичгийн болон мэргэжлийн ярилцлага байна.

2.4. Элсэхийг хүсэгч нь АШУҮИС-д оюутан элсүүлэх өргөдөл маягтыг бөглөж элсэлтийн комисст ирүүлнэ.

2.5. Өргөдөл маягттай хамт доорх материалыг бүрдүүлнэ.

Хувийн өргөдөл /монгол хэл дээр/

3-аас дээш жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь эсвэл монгол хэл дээр  хөрвүүлсэн нотариатаар

баталгаажуулсан хуулбар/

Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь эсвэл монгол хэл дээр хөрвүүлсэн нотариатаар

баталгаажуулсан хуулбар/

Хэрэв байгууллагын нэр дээр суралцах бол тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж байгаа

байгууллагын тодорхойлолт /Тодорхойлолтыг албан ёсоор баталгажуулсан Монгол улсын

Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан байх/

Албан ёсны эрүүл мэндийн бичиг

Сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээний 6 хувь зураг

Элсэлтийн хураамж

2.6 Гадаад харилцааны алба дээрх материалыг хүлээн авч Оюутны алба,Эрдмийн Сургалтын алба, Мэргэжил дээшлүүлэх институтэд танилцуулна.

2.7 Оюутны алба, Эрдмийн Сургалтын алба, Мэргэжил дээшлүүлэх институт нь элсэлтийн шалгалтыг өөрсдөө зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд оюутнаар элсүүлж, захирлын тушаалаар баталгаажуулна.

2.8. Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтанд дундаас доош түвшиний үнэлгээ авбал Гадаад хэлний тэнхимд 90 хоногийн Монгол хэлний төлбөртэй сургалтанд хамрагдана.

2.9. Суралцах эрх авсан суралцагчидтай АШУҮИС-д сургах гэрээг байгуулна.

2.10. Суралцагчийг Монгол улсын иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм журамд заасны дагуу ЭМД-д хамруулна. ЭМД-ын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана.

2.11. Суралцагчийг ЭМД-д хамруулах үүргийг Оюутны алба, Эрдмийн сургалтын алба, Мэргэжил дээшлүүлэх институтийн декан, дарга нар хүлээнэ.

2.12. Суралцагчийн нэг жилийн сургалтын төлбөр 2500 ам.доллар байна.

2.13. Суралцагчийг өөрөө хүссэн тохиолдолд төлбөртэйгээр АШУҮИС-ийн оюутны дотуур байранд оруулах гэрээ хийж, Монгол оюутнуудтай хамт нэг өрөөнд суулгана.

2.14. Оюутны дотуур байранд суухгүй гадуур байх бол суралцагчдад амьдрах байр, орон сууц олоход нь туслалцаа үзүүлнэ.

2.15. Байр, орон сууц худалдан авах, түрээслэх, хөлслөх зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Гурав. Виз, оршин суух зөвшөөрөл

3.1. Гадаад харилцааны алба суралцагчийн бүрдүүлсэн албан ёсны материал дээр үндэслэн суралцах эрхийн S ангиллаар Монголд орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг БШУЯ, Гадаадын Иргэн Харъяатын Асуудал Эрхэлсэн Газар (ГИХАЭГ)-т гаргана.

3.2. Суралцагч харъяа элчин сайд, консулын газраас S ангиллын виз авч Монгол улсад ирэх ба ирсэнээс хойш 2 хоногийн дотор их сургуулийн Гадаад харилцааны албанд, 7 хоногийн дотор ГИХАЭГ-т бүртгүүлнэ.

3.3. Монгол улсад орж ирсэнээс хойш 21 хоногийн дотор их сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу БШУЯ, ГИХАЭГ-аас Монгол улсад нэг жилээр оршин суух зөвшөөрөл авна.

3.4. Монгол улсад шинээр оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материал

БШУЯ-нд хандсан суралцагчийн Монгол улсад оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл

Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан

Суралцагчаас элсэлтийн шалгалт авсан тухай баримт

Эрүүл мэндийн бичиг

S ангиллын виз бүхий паспортын хуулбар

Зөвшөөрлийн хураамж

3.5. ГИХАЭГ-аас оршин суух зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

БШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл

Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг

Хүчин төгөлдөр паспорт

Оршин суугаа захиргааны тодорхойлолт

Хурууны хээгээ баталгаажуулсан байх

Цээж зураг

Зөвшөөрлийн хураамж

Оршин суугчийн анкет

Дөрөв. Сургалт

4.1. БШУЯ, ГИХАЭГ-ын зөвшөөрлийг үндэслэн суралцагчийг холбогдох бүрэлдэхүүн сургууль, тэнхимд хариуцуулж өгнө.

4.2. Суралцагчдад харъяалах бүрэлдэхүүн сургууль, тэнхим, алба нь АШУҮИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцана.

4.3. Сургалтын үйлчилгээтэй холбоотой суралцагчийн гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох албан тушаалтнаас хүлээн авч шийдвэрлэнэ.

4.4. Суралцагч нэг хичээлийн жилд 2 удаа буюу өвөл, зуны амралтаар өөрийн нутагтаа явах эрхтэй.

4.5. Амралтаар нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн холбогдох албан тушаалтны гарын үсэг тухайн улирлын дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны албанд ирүүлэх ба 7-14 хоногт багтаан ГИХАЭГ-т хандаж орох, гарах визний албан бичиг хийж хүргүүлнэ.

4.6. S ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн хугацаатай гарах орох визийг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлбэл нэг жилийн S ангиллын визний урилгыг дахин явуулахгүй, АШУҮИС-д сургах гэрээг цуцлах үндэслэл болно.

4.7. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө ЭМШУИС-ийн Гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалаа бүрдүүлж өгнө.

4.8. Хэрэв суралцагч хүндэтгэх шалтгаанаар визний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг өргөдлийн хамт хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө их сургуульд захидал, албан бичиг, факсаар урьдчилан мэдэгдэнэ.

4.9. Суралцагч энэ журмын 4.4-д заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор сургалтын дундуур нутаг явах тохиолдолд өргөдөл гаргаж зөвшөөрөл авна.

4.10.Суралцагч нь АШУҮИС-ийн сургалттай холбоотой дүрэм журмыг дагаж мөрдөнө.

4.11. Сургалтаас бусад үед өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутаг болон бусад газарт зорчсоны холбоотой үүсэн аливаа харилцааны хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.

Тав. Суралцагчийг чөлөөлөх, шилжүүлэх, бүрмөсөн чөлөөлөх

5.1. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах бол захирлын тушаалаар шийдвэрлэж  БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж түүнтэй холбогдон гарах зардлыг суралцагчаар гаргуулна.

5.2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл зохих журмын дагуу суралцаагүй хугацааны үлдсэн сургалтын төлбөрийг буцааж олгоно.

5.3. Суралцагч энэхүү журмын 4.4-4.9 заалтуудыг зөрчсөн бол сургуулиас бүрмөсөн чөлөөлж, БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно.

5.4. Суралцагч энэ журмын 5.3 заалтаар сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдвөл түүний судлаагүй үлдсэн хичээлийн төлбөрийг буцааж олгохгүй.

5.5. Энэхүү журмын 5.3 заалтыг зөрчсөн суралцагч нарт эхний удаа сануулж, 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.