ЭХ БАРИГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН

ЭХ БАРИГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН

Үүсгэсэн огноо: 2017-06-20

 

       Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний нэн чухал хэсэг нь эх барихын тусламж үйлчилгээ байдаг. НҮБ-ын хүний хөгжлийн илтгэлд дэлхий нийтэд өндөр ур чадвартай, мэргэшсэн эх баригчдын тоог нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн ач холбогдолтой хэмээн үзсэн байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн зургаан ажилтны нэг нь эх барихын ур чадварыг эзэмшсэн байвал эх, нярайн эндэгдлийг бууруулна хэмээн тооцоолсон байдаг (ДЭМБ, 2014).

      Монгол улсын эх баригчдын мэргэжил, ур чадвар, сургалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага их байна. Одоогийн байдлаар 47429 эмнэлгийн ажиллагсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаагийн 916 буюу 1.9 хувь нь эх баригч байна. Эх баригч нарын 39.6 хувь нь сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газарт, 15.3 хувь нь лавлагаа төвүүдэд эх барихын тусламж үйлчилгээг үзүүлж байна (ЭМХТ, 2016).

      Санте Сюд ТББ-ын хэрэгжүүлж буй “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Монгол улсын эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй тусламж үйлчилгээ, мэргэжлийн цогц чадамжийн үнэлгээ” хийгдэж, үнэлгээний үр дүнд эх баригчийн ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулах, эх баригч бэлтгэж буй төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрт шинэчлэлт хийх хэрэгцээ байгааг судалж тодорхойлсон. 

      Эх барих эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Салбар Зөвлөл, ЭХЭМҮТ, амаржих газрууд, мэргэжлийн нийгэмлэгүүд, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төлөөлөл бүхий ажлын хэсэг эх баригчийн ажлын байрны тодорхойлолтыг судлан хэлэлцсэний үр дүнд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн А/216 дугаар тушаалын хавсралтаар эх баригчийн ажлын байрны үлгэрчилсэн загварыг шинэчлэн боловсруулж баталсан байна.

    Дээрх баримтуудыг үндэслэн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж байна.

     ЭМЯ-ны Эх Барихын Салбар Зөвлөл, АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, бүрэлдэхүүн болон Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны Салбар сургуулиудын Сургалтын алба, эх барихын багш нар оролцож байгаа уг уулзалтыг Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран зохион байгуулж байна.

     Зөвшилцөх уулзалтын зорилго нь Эх баригч мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх талаар АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын эх барихын мэргэжлийн багш нарын санал зөвлөмжийг авч, цаашид хөтөлбөрийг нарийвчлан боловсруулж 2018 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх зорилго тавьж байгаа болно.

     Төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг Олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулснаар эх барихын тусламж үйлчилгээ тэр дундаа хэвийн жирэмсний тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгоход эх баригчдын үүрэг оролцоог идэвхижүүлэх, төгсөн гарч буй мэргэжилтний ур чадварыг сайжруулах, чадавхижуулахад чухал хувь  нэмэр оруулах юм. 

 

 

 

 

 

Сувилахуйн сургууль, АШУҮИС

 

 

 

Бусад мэдээ, мэдээлэл