Харвардын Анагаах Ухааны Сургуультай хамтарсан T2T - Багш бэлтгэх сургалт

Харвардын Анагаах Ухааны Сургуультай хамтарсан T2T - Багш бэлтгэх сургалт

Үүсгэсэн огноо: 2017-10-10

     

           АШУҮИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Харвардын их сургууль, MHI төрийн бус байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Training to teachers - Mongolia” 1 жилийн сургалтыг хэрэгжүүлж байна. Тус сургалтанд АШУҮИС-ийн нийт 50 багш, ажилтан сонгогдон суралцаж байна.  

          “Training to teachers - Mongolia” сургалт нь 2500$-ийн төлбөртэй ба БСШУСЯамны “Дээд боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкнаас 50 хувийг, АШУҮИС багш, ажилтнаа чадавхижуулах, хөгжүүлэх бодлогоор 50 хувийг сургалтын төлбөрийн тэтгэлэг хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн бусад эрүүл мэндийн байгуулага болон хувийн хэвшлийн их дээд сургуулиас 59 хүн хамрагдаж байна.

         Сургалтыг Харвардын их сургуулийн багш нар танхимын, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

      

 

 “Training to teachers - Mongolia” хөтөлбөрт хамрагдсанаар:

-   Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэн багш нарын удирдлага дор судалгаа хийх ур чадвар, багшлах заах арга зүй, шинэ технологи дээр ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах орчин үеийн арга техникийг суралцахаас гадна багаар болон бие даан судалгааны төсөл боловсруулах арга техникт суралцана.

-   Суралцагчид Харвардын Анагаах Ухааны Сургуулийн цахим номын сангаас хүссэн мэдээллээ авах, цахим имэйл хаяг эзэмшиж Харвардын эрдэмтэн багш нартай харилцаа тогтоож амжилттай суралцсан төгсөгчид Харвардын анагаахын сургуулийн сертификаттай төгсөнө.

 

Хөтөлбөрийн тойм ба зорилго:

          Монгол дахь багш бэлтгэх сургалт T2T нь холимог хэлбэрээр зохион байгуулагдах ба биечилсэн семинар, онлайн лекц, багийн ажил, ганцаарчилсан болон багт суурилсан сургалт зэргээс бүрдэнэ. Эдгээрийг Харвардын Анагаах Ухааны Сургуулийн анагаахын боловсрол, хөтөлбөр хөгжүүлэлт, үнэлгээ зэргээр мэргэшсэн ахлах багш нар заах болно.

         Багш бэлтгэх сургалтын зорилго нь Монгол дахь эмч, багш нарт Харвардын Анагаах Ухааны Сургуульд хэрэгждэг орчин үеийн багшлах арга, аргачлалыг заах явдал юм. Эдгээр арга, аргачлалд суралцагч төвтэй сургалт, жижиг бүлгийн сургалт, хөтөлбөрийн загварчлал болон үнэлгээ, багт суурилсан сургалт багтана. Суралцагчид нь эдгээр арга, аргачлалыг шууд өөрсдийн заах арга барилдаа оруулж хэрэглэх боломжтой юм.

 

Сургалтын үр дүн:

Өөрийн анги болон эмнэлзүйн салбартаа сургалтын онолын үндсийг хэрэгжүүлэх

Хөтөлбөрийг загварчилж, шинээр хэрэгжүүлэх

Суралцагчдыг сургалтын үр дүнгээр үнэлэх арга зүйд суралцаж, хөгжүүлэх

Сургалтын орчин болон суралцагчдын түвшин бүрт тохирсон заах арга зүйг сонгож, хэрэгжүүлэх

Заах арга зүйн гарын авлагыг бүрдүүлж, хэрэгжүүлэх

 

Сургалт, семинар:

          2 удаагийн биечилсэн сургалт, семинар нь АШУҮИС-д 2017 оны 10 сарын 9-11 өдөр, 2018 оны 5 сарын 28-31 өдрүүдийн хооронд зохион байгуулагдана.  Энэ нь үр дүнд суурилсан сургалт, төлөвлөгдсөн хөтөлбөрийн загвар, суралцагчдын үнэлгээ зэргийг дэмжих зорилгоор үндсэн заах арга зүйн чадваруудыг хөгжүүлэхэд чиглүүлэгдэнэ. Суралцагчдад насанд хүрэгсдийн сургалт, туршилтын сургалт зэрэг боловсролын онолыг танилцуулах бөгөөд тэдгээрийг хэрхэн амьдрал дээр хэрэглэх талаар үзнэ. Сургалт бүр дээр багшид байх ёстой чадваруудыг эзэмшүүлнэ. Сургалт нь сурган заах илтгэл, ангийн хэлэлцүүлэг, багийн ажил, жижиг бүлгийн дасгалууд зэргээс бүрдэнэ.

 

Бусад мэдээ, мэдээлэл