“АШУҮИС-75 ЖИЛ” ЭРДМИЙН ЧУУЛГАН

“АШУҮИС-75 ЖИЛ” ЭРДМИЙН ЧУУЛГАН

Үүсгэсэн огноо: 2017-10-12

              

         “АШУҮИС-75 жил” ЭРДМИЙН ЧУУЛГАНЫГ 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

              Эрдмийн чуулганы Хүндэтгэлийн хэсэгт МУ-ын Ардын багш, МУ-ын Гавьяат эмч,АШУҮИС-ийн Хүндэт Доктор, АУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү, МУ-ын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат ажилтан, АШУҮИС-ийн Хүндэт Доктор, Академич, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, МУ-ын Төрийн соёрхолт, МУ-ын Гавьяат эмч, АШУҮИС-ийн Хүндэт Профессор, АУ-ны доктор, профессор Н.Даваацэрэн нар сургаал-илтгэлээ толилуулсан нь чуулганы хамгийн онцлох, оргил хэсэг байлаа.

         Эрдмийн чуулганы Шинжлэх Ухаан-Хөгжил Дэвшил хэсэгт АНУ-ын Техасын Их Сургуулийн профессор, Эрчимт Эмчилгээний Судалгааны Төвийн захирал, АУ-ны доктор П.Энхбаатар зочин профессорын илтгэл тавьлаа. Дараа нь АШУҮИС-ийн 7 салбар сургуулиудын төлөөлөл салбарын шинжлэх ухааны ололт амжилт, хөгжил дэвшилийн талаар танилцуулав.

          Live session буюу төгсгөлийн хэсэгт АШУҮИС-ийн эмч багш нарын эмнэлзүйн салбарт нэвтрүүлж буй шинэ арга технологи, мэс ажилбаруудыг орчин үеийн техник технологийн тусламжтайгаар шууд үзүүлж танилцууллаа. Тухайлбал Монгол улсын хэмжээнд анхлан хийгдэж буй “Бамбайн дэргэдэх булчирхайн аутотрансплантаци” мэс заслыг Эрхэс эмнэлгийн хагалгааны өрөө, хагалгааны багтай шууд холбогдон хагалгааны явц, ажилбарыг танилцуулан, харилцан ярилцсан нь эрдмийн чуулганы бас нэгэн онцлох явдал боллоо. Цаашилбал АУС-ийн Чих хамар хоолой судлалын тэнхмийн “Септотурбинопластик, ESS мэс засал”, Нүд судлалын тэнхмийн “Болорын мэс засал эмчилгээ”, Радиологийн тэнхмийн эмнэлзүйн тохиолдол “Доод мөчдийн хураагуур судасны варикоз өргөслийг судсан дотуурх лазер эмчилгээний аргаар эмчлэх”, НАСС-ийн “Шүдний  имплант суулгах мэс ажилбар”-уудыг тус тус видео бичлэгээр танилцуулсан байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл