ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

ОЛОН УЛСЫН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Үүсгэсэн огноо: 2017-12-05

 

     Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд МАУОУС-ийн 6-р дамжааны 14 оюутан БНХАУ, Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Хараат Эмнэлгийн Хороонд (Тунляо хот) 2017 оны 11-р сарын 20-30 өдрүүдэд эмнэлзүйн дадлага хийлээ. Дадлагыг МАУОУС, МАУ судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэнд-Аюуш, Дотрын өвчин судлалын тэнхмийн ахлах багш, доктор Ч.Батнайрамдал нар удирдан зохион байгуулсан. Мөн дадлагад МАУ-ны эмнэлзүйн олимпиадад түрүүлсэн 604 хэсгийн Н.Эрдэнэтуяа, С.Лхагвасүрэн нар шагналын журмаар оролцлоо.

     Эмнэлзүйн дадлагын хүрээнд нийт оюутнууд ӨМҮИС-ийн Хараат Эмнэлгийн Хорооны (ИСНЭ) Дотрын, Заслын, Урьдчилан сэргийлэх, Мэдрэлийн тасаг, Сэргээн засах, Ясны заслын эмнэлгүүдээр тойролт хийн, гардан үйлдлүүдийн дадлага хийлээ.

     Уламжлалт анагаахын төгсөх дамжааны оюутнууд эмчилгээ заслын шинэ дэвшилтэт арга, тоног төхөөрөмжтэй танилцан, заавал эзэмших гардан үйлдлүүдийг нэг бүрчлэн давтан эзэмшлээ.

     Оюутнууд ӨМҮИС-ийн төв номын сангийн сан хөмрөгтэй танилцан, Монгол эм эмнэлгийн музейд зочлон өөрсдийн мэдлэг оюундаа тодорхой хувь нэмэр орууллаа.

     Эмнэлзүйн дадлагын төгсгөлд оюутнуудыг ӨМҮИС-ийн дэд захирал, доктор Багана, Хараат Эмнэлгийн Хорооны захирал, доктор Бүрэнбат нар хүлээн авч уулзан хоёр их сургуулийн хамтын ажиллагаа, түүний дотор Оюутан солилцооны хөтөлбөрийн талаар танилцуулж оюутнуудын санал, сэтгэгдлийг сонслоо. Дээрх удирдлагын хүмүүс ӨМҮИС-ийг сонгож дадлага хийхээр хүрэлцэн ирсэн оюутан залууст талархал илэрхийлж төгсөлтийн дараах сургалт, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дахин хүрэлцэн ирэхийг урилаа.  

     Дадлага удирдсан багш Д.Цэнд-Аюуш, Ч.Батнайрамдал нар Тунляогийн Монгол Оюутны Холбооны урилгаар лекц уншиж АШУҮИС-ийн бүтээн байгуулалт, МАУ-ны чиглэлийн эрдэм судлал, мэргэжил дээшлүүлэлтийн талаар мэдээлэл өгч, докторант, магистрант, оюутнуудын сонирхсон асуултанд хариулан, эх орондоо эргэн ирж мэдлэг чадвараа дайчлан ажиллах боломжуудын талаар халуун дотно яриа өрнүүлж, санал солилцлоо.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл