ХАРВАРДЫН АНАГААХЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “TRAINING TO TEACHERS- MONGOLIA” /T2T/ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

ХАРВАРДЫН АНАГААХЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН “TRAINING TO TEACHERS- MONGOLIA” /T2T/ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА

Үүсгэсэн огноо: 2018-06-05

 

 

     АНУ-ын Харвардын Анагаахын сургууль, АШУҮИС, “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” төрийн бус байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Training to teachers - Mongolia” сургалтыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.  Монголын эрүүл мэндийн салбарын онцлогт тохируулан боловсруулсан энэхүү хөтөлбөр нь есөн сарын турш үргэлжилж өнөөдөр тус хөтөлбөрт шалгарч суралцсан  98 эрдэмтэн,  багш нар амжилттай төгсөж, Харвардын анагаах ухааны их сургуулийн сертификатыг гардаж авлаа. Сургалтыг Харвардын анагаахын  сургуулийн багш нар танхимын болон цахим хэлбэрээр хөтлөн явуулсан бөгөөд тухайн хөтөлбөрт хамрагдсанаар судалгаа хийх ур чадвар, багшлах заах аргазүй, шинэ технологи дээр ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах  орчин үеийн арга техникээс суралцахаас гадна багаар болон бие даан судалгааны төсөл боловсруулах арга техникт суралцсан юм.

     АШҮУИС нь Багш хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Харвардын Анагаахын сургуультай хамтарсан Багш бэлтгэх хөтөлбөр байлаа. Их сургуулийн багш нарын нэлээдгүй хувийг эмч, эмнэлгийн мэргэжилтэн эзэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийг багш болгон бэлтгэх, төлөвшүүлэх нь их сургуулийн Багшийн хөгжлийн төвийн үндсэн үйл ажиллагаа байдаг бөгөөд цаашдаа ч Багш хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж, дэлхийн түвшний багш бэлтгэхээр зорин ажиллаж байна.

   Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг их сургуулийн дэмжлэгтэйгээр Сургалтын бодлого зохицуулалтын газар хариуцан гүйцэтгэсэн бөгөөд БСШУСЯ-тай хийсэн гэрээнд зааснаар багш нарын 70-аас дээш хувь нь төгссөн тохиолдолд амжилттай суралцлаа гэж үзэх боловч манай багш нар 100 хувийн амжилттай төгслөө. Багш нар сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох,үүнийгээ бусдадаа заан сургах ажлуудыг хийж эхлээд байна.

  АШУҮИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын газрын дарга АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунгоо тус хөтөлбөрийн талаар дурдахдаа: “Харвардын их сургуулийн багш хөгжүүлэх хөтөлбөр нь багшлах боловсон хүчнийг чадавхижуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч хамтран ажиллах болно. Энэхүү нэр хүндтэй сургуулийн багш бэлтгэх сургалтыг амжилттай төгсөхөд дэмжлэг үзүүлэн ажилласан АШУҮИС, “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” төрийн бус байгууллага, БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны Дээд боловсрол шинэчлэлийн төслийн хамт олонд нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна” гэжээ.

Other news