“ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ“ ТӨСЛИЙН НЭЭЛТ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ“ ТӨСЛИЙН НЭЭЛТ

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

   2018 оны 6 сарын 19-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ),  Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан (СОУЭМС), Солонгосын иргэдийн сан (СИС)-гийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамны манлайлал, удирдлага зохион байгуулалтын хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь “ төслийн нээлтийн үйл ажиллагааг ЭМЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.

   Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нээлтийн үг хэлж, Глобаль сан, КОИКА олон улсын байгууллагын төлөөлөл, ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС, Сумын эрүүл мэндийн холбоо, төсөл хэрэгжүүлэх 3 аймгийн 3 сум, нийслэлийн 4 дүүргийн 4 хорооны эмч, мэргэжилтнүүд, удирдлагууд зэрэг нийт 60 гаруй оролцогчид  оролцлоо.

 

 

   Энэ төсөл нь 2018 оны 02 сараас 2019 оны 02 сарын хооронд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ховд аймгийн Чандмань сум, Завхан аймгийн Баянтэс сум болон нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тус бүр нэг нэг хороонд хэрэгжих бөгөөд төслийн гол зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах юм. Энэ төслийн онцлог тал нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлүүдтэй нийцүүлэн, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “ Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж,  “Хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ялангуяа, алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан үзүүлэхээр зорин ажиллаж байна.

   2015-2017 онд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь“ төсөл нь 15 аймгийн 27 сум, Улааанбаатар хотын 5 дүүргийн 7 хороонд хэрэгжсэн туршлагатай юм.

   Энэхүү төслийн сургалтын модулийг АШУҮИС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхимийн хамт олон жил бүр амжилттай зохион байгуулж төсөл хэрэгжиж буй аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ном сурах бичиг болон гарын авлагуудыг бүтээн хүргэж байна.

Бусад мэдээ, мэдээлэл