“ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ОНЦГОЙ ТАТВАРЫН ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ОНЦГОЙ ТАТВАРЫН ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2018-06-27

 

   Монгол улсад нас баралт, өвчлөлийн гол шалтгаан болж буй чихрийн шижингийн 2-р хэлбэр, зүрх судасны өвчинд нөлөөлж буй таргалалт, илүүдэл жинг бууруулахад чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах нь  чухал ач холбогдолтой юм.

   ЭМЯ, ДЭМБ-тай хамтран АШУҮИС-ийн НЭМС  “Чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулах эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол”  уулзалт, хэлэлцүүлгийг   2018.06.15 –ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

   Энэхүү уулзалтаар  2015-2017 онд  АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АУС-ийн багш судлаачдын хамтарсан багийн хийж гүйцэтгэсэн “Чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоолол” судалгааны үр дүн болон тус төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг бодлого боловсруулагчдад танилцууллаа. Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн  Ж.Нарантуяа нар нээн үг хэлж, үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн амжилт хүсэв.

   Төслийн удирдагчаар ОУСИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Л.Чимэдсүрэн,  төслийн зохицуулагчаар НЭМС-ийн багш, АУ-ны доктор, дэд профессор Э.Эрдэнэчимэг, судлаачаар М.Ундрам, Д.Ням-Осор, А.Пүрэвгэрэл, Ирэнэ Ху(ДЭМБ) нар ажилласан.

   Хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн ОУСИС, НЭМС, АУС, НАСС, СБЗГ, ЭМЯ, ХХААХҮЯ, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, МХЕГ, ТЕГ, НЭМҮТ зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

 

   Судалгааны үр дүнгээс харахад Монгол улсад чихэрлэг ундааны борлуулалтанд үндэсний үйлдвэрүүд давамгайлж (2016 онд 88%), сүүлийн таван жилд тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30%-иар нэмэгджээ. Түүнчлэн манай улсад чихэрлэг ундаанд 20%-ийн онцгой татвар ногдуулахад татварын орлого зөвхөн нэг жилд 98.4 тэрбум төгрөг байх ба улсын төсвийг 91.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байна. Чихэрлэг ундаанд 20%-ийн онцгой татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох энэ төрлийн ундааны хэрэглээг 22.8 л-ээр бууруулах боломжтой байна.

    “Чихэрлэг ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаан болон сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан нийтлэлийн уралдааны тэргүүн байрын шагналтнуудад шагналыг гардуулав. Гар зургийн уралдааны тэргүүн байранд нийслэлийн 71 дүгээр дунд сургуулийн 6б ангийн сурагч О.Өлзийдэлгэр, дэд байранд Хэнтий аймгийн Батширээт сумын дунд сургуулийн 7а ангийн сурагч Б.Баяржавхлан, Орчлон сургуулийн 3б ангийн сурагч Б.Хонгор, гутгаар байранд нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийн 7в ангийн сурагч З.Номинзул, Шинэ-Өнөөдөр дунд сургуулийн 5а ангийн сурагч Б.Мишээл, тусгай байрт 24 дүгээр дунд сургуулийн 2е ангийн сурагч М.Сүндэръяа, идэвхтэй оролцсон анги хамт олноор Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн У.Алтанцоож багштай 3в ангийн хамт олны бүтээлүүд шалгарсан 

   Нийтлэлийн уралдааны тэргүүн байранд Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Б.Баярмаагийн “Чихэртэй ундаа хэт таргалалтын гол шалтгаан болж байна” нийтлэл, дэд байранд Өнөөдөр сонины сэтгүүлч Л.Ганчимэгийн “Гэртээ ч, сургуульдаа ч “Үл мэдэхүүд”” нийтлэл, гутгаар байранд News.mn сайтын сэтгүүлч Р.Ренчиндуламын “Хүүхдийн эрүүл мэнд хохироосон хяналтгүй реклам” нийтлэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Other news