АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН БЭЛГЭДЭЛ УРАН БАРИМЛЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

АШУҮИС-ИЙН СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН БЭЛГЭДЭЛ УРАН БАРИМЛЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Үүсгэсэн огноо: 2018-09-11

 

     Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн бэлгэдэл уран баримал бүтээх уралдаанд  нийт 7 багийн 12  бүтээл ирснээс АУС-ийн Чих хамар хоолой судлалын тэнхимийн багш Ц.Рэнцэндоржийн “Эвийн нар” бүтээл шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөгийн эзэн боллоо. Уг бүтээл нь Япон-Монголын сургалтын эмнэлгийн төв талбайд хөшөө болон бүтээгдэх юм.

Шалгарсан бүтээлийн танилцуулга:

     Энэхүү бүтээлийг АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн төв талбайд байрлуулахаар, газартай тэнцүү хэмжээнд, зүлэг талбайн зориулалтаар зохиомжилсон. Ингэснээр хөшөөний утга санаа нь сонирхсон хүмүүсийн сэтгэлд илүү ойроос хүрэх боломж бүрдэнэ.

     Японы ард түмний өгөөмөр сайхан сэтгэл, Монгол Японы найрамдалт харилцааг илэрхийлэхэд тулгуурлан, 2 үндэстний өв соёл, хүндэтгэл, бэлгэдлийн онцлог шинжийг бүтээлд тусгасан болно. Бүтээл үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

 

  1. I.    Монгол эмэгтэй

            Монгол хүн эрхэм хүндтэй зочноо ирэхэд үндэсний дээл хувцсаа өмсөн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ өргөн барьж угтан авдаг уламжлалтай. Энэхүү дүр нь ёслол хүндэтгэлийн монгол дээл өмсөж, зочноо хадаг барин угтан авч буй эмэгтэй бөгөөд эмнэлгээр орж ирсэн хүн бүрт хүндэтгэлтэйгээр хандаж, сайн сайхан ерөөл бэлгэдэж буй утга санааг илэрхийлнэ.    

            Эмэгтэй хүний дүр сонгосон нь эх хүн, эмэгтэй хүний нинжин цагаан сэтгэлийг бэлгэдэж хүн бүрт сайн сайхан сэтгэлээр хандаж үйлчилнэ гэдэг утгатай. Эмэгтэйн малгайны залаа, дээлний хормой, хадагны үзүүр бага зэрэг салхинд намирч буй нь шинэ орчин, шинэ уур амьсгал, салхины зөөлөн урсгалыг илтгэх зорилготой.

 

  1. II.  Япон эмэгтэй

     Энэхүү дүрээр япон хүний өгөөмөр сайхан сэтгэл, хичээнгүй тууштай зан чанарыг япон үндэстний соёл, бэлгэдэлтэй хослуулан харуулахыг зорьсон. Кимоно өмссөн эмэгтэйн дүр нь ёслол, хүндэтгэлийг дээдэлсэн япон хүнийг илэрхийлж байна. Эмэгтэй зүүн гартаа цаасан тогоруу /сэнбазүрү 千羽鶴/  барин дээш тэмүүлэлтэй харсан байгаа нь хүн бүрт аз жаргал бэлэглэхийг зорьж буйг илтгэнэ. Японы эртний домог, хууч ярианд сэнбазүрүг хүнд өгвөл аз жаргал, настай хүнд өгвөл урт наслах, өвчтэй хүнд өгвөл хурдан эдгэрэх, дөнгөж төрсөн хүүхдэд өгвөл эрүүл энх өсөн торнидог хэмээн бэлгэддэг.    

            Цаасан тогоруу хийх нь цаг хугацаа, ур чадвар, нямбай байдал шаарддаг учир энэхүү дүр нь япон хүний эмх цэгцтэй, тууштай хичээнгүй зан чанарыг давхар илэрхийлж буй болно.

 

  1. III.  Нар ба нисэж буй тогоруу

            Монгол хүн цай сүүнийхээ дээжийг нарандаа өргөж ажил үйлсээ даатган, сүслэн залбирдаг ард түмэн. Үүний адилаар Япон хүн нарыг шүтэж, их наран улс хэмээн эх орныхоо төрийн далбаанд нарыг оруулсан байдаг. Энэхүү бүтээлд нарыг оруулсан нь 2 үндэстэнд бэлэгдэлийн ижил шинж чанар байгааг илтгэхээс гадна АШУҮИС-ийн логоны нарны дүрслэлтэй утга санаагаар дүйж буй юм. Улс үндэстэн бүр хоорондоо ялгаатай ч бид нэг нарны дор амьдардаг гэдэг санааг илтгэж эв нэгдэл, найрамдлыг давхар бэлгэдэж байна.       Нарны наагуур тогоруу нисэж буй нь япон эмэгтэйн гарт буй цаасан тогоруу амь орж хүн бүрт аз жаргал, амьдрал, сайн сайхан бүхнийг бэлэглэхээр тэнгэрт дүүлэн нисэж буйг дүрсэлж байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл