ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ БА ЗАН ҮЙЛ (сурах бичгийн танилцуулга)

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ БА ЗАН ҮЙЛ (сурах бичгийн танилцуулга)

Үүсгэсэн огноо: 2018-09-11

     Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих мянганы хөгжлийн зорилтын хүрээнд зан үйлийн онолд үндэслэн боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь бид бүгдийн нэгэн зорилго билээ.

     Эрүүл мэндийн зан үйл нь нийгэм-эдийн засаг-экологийн цар хүрээ ба нийгмийн хөгжилтэй харилцан хамааралтай өөрчлөгддөг өвөрмөц шинж чанартай бөгөөд сурах бичгийг бүтээхдээ энэхүү зарчмыг баримталсан. Нийгмийн өөрчлөлт бий болохын хэрээр соёл, ёс заншил, хүрээлэн буй орчин, нийгмийн бодлого, эдийн засгийн төлөв байдал зэрэг хүчин зүйлс нь эрүүл мэндэд шууд болон шууд бус аргаар нөлөөлж байна.

     Нийгэм-экологийн цар хүрээг хамарсан, уялдааг бий болгосон эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн сэдэв олох, оролцогч нарын өвөрмөц шинж чанарт тохирсон эрэлт хэрэгцээтэй хөтөлбөр боловсруулах нь төвөгтэй, бэрхшээлтэй байдаг. Бэрхшээлийг даван туулахын тулд зан үйлийн онолын мэдлэгээ сайжруулах ёстой. Сурах бичгийн нэгдүгээр хэсэгт эрүүл мэндийн зан үйлийн танин мэдэхүйн онол, итгэл үнэмшлийн загвар, шалтгаант үйлдлийн онол, хамаатуулах онол, шилжилтийн онолуудаас гадна хувь хүн ба хамт олны эрүүл мэндийн зан үйлийг өөрчлөх загвар, аргуудын талаар дэлгэрэнгүй байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй бичсэн.

     Эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг эрэмбэлэхээс гадна хувь хүн, хамт олон, хүн амын хоорондын уялдаа холбоог бүрдүүлэх, цар хүрээг хамарсан хөтөлбөрийг ижил цаг хугацаанд зэрэг эхлүүлэх стратегийн зарчмыг баримталж ажиллах нь зүйтэй. Энэ үүднээс онолын үндэслэлтэй боловсруулсан сургалтын хөтөлбөрөө практикт хэрэглээ болгох арга зүй ба стратегийг сурах шаардлага гардаг. Сурах бичгийн хоёрдугаар хэсэгт бусад улс оронд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс иш татахаас гадна манай улсад хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөр, үнэлгээ, судалгаануудыг ашиглан сонирхолтой байдлаар практик хэрэглээний талаар бичсэн.

     Эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэгч бүх талуудын чадавхыг сайжруулах, ялангуяа боловсрол олгогч багш нар, мэргэжилтнүүдийн цогц чадамжийг хөгжүүлэх зорилгоор энэхүү сурах бичгийг бүтээв.

 

Та бүгдийн мэдлэгийн санд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

 

Зохиогчид:                              Н.Одонгуа. Анагаах ухааны доктор, Дэд профессор

                                                В.Дэлгэрмаа. Анагаах ухааны доктор, Дэд профессор

Ерөнхий редактор:                Д.Буяндэлгэр. Философийн ухааны доктор

Редактор:                               Д.Даваалхам. Анагаах ухааны доктор, Профессор

                                               М.Сугармаа. Анагаах ухааны доктор, Дэд профессор

Техникийн редактор:            А.Оюунзул. Нийгмийн эрүүл мэндийн магистр

Цаасны хэмжээ:                   176х250

Хэвлэлийн хуудас:              20,6хх

Other news