ЭМГЭНЭЛ АВГАД ОВОГТОЙ НАМЖИЛЫН ДАВААЦЭРЭН (1938-2018)

ЭМГЭНЭЛ АВГАД ОВОГТОЙ НАМЖИЛЫН ДАВААЦЭРЭН (1938-2018)

Үүсгэсэн огноо: 2018-09-19

 

     Монгол Улсын төр, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын “Хүний гавьяат эмч”, Төрийн соёрхолт, Профессор Авгад овгийн Намжилын Даваацэрэн 2018 оны 9 дугаар сарын 17-ны өдөр  зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

     Профессор Н.Даваацэрэн 1938 оны 2-р сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Охиндийн (Охь хөндий) Үүдэн бургас хэмээх газар төрсөн. Тэрээр Шаамар сумын бага сургуульд 1948 онд элсэн орж, Сүхбаатар хотын 7 жилийн сургууль, нийслэлийн 10 жилийн 3-р сургуулийг 1954-1958 онд суралцан дүүргэжээ. Профессор Н.Даваацэрэн 1958-1965 онд ЗСБНХУ-ын (Одоогийн Оросын Холбооны Улс) Москва хотын Н.И.Пироговын нэрэмжит Анагаах ухааны II дээд сургуульд суралцаж,  Хүний их эмч мэргэжил эзэмшин төгсжээ. Н.Даваацэрэн 1965-1967 онд Дундговь аймгийн Мандалговь хотын Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967 онд Улаанбаатар хотноо АУДэС-ийн мэргэжил олгох 6 сарын курст суралцан мэс засал-гэмтлийн эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн байна.

   Профессор Н.Даваацэрэн нь Монгол улсын Эрүүл мэнд, Анагаах ухаан, Дээд боловсролын салбарт мэргэжлээрээ овоглуулсан ноён оргилуудын нэг, Мэс заслын тэнхимийн хамт олны өмөг түшиг, Монголын эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн профессор, багш судлаачдын хайртай багш нь юм. Хэн бүхнийг элэгсэг дотно, халуун бүлээн инээмсэглэлээрээ тосч угтдаг, бүхнийг эвлүүлж, ухааруулж, халамжилж, хайрлаж чаддаг, хүн чанарын дээд нь болсон эрхэм их багштан байлаа. Н.Даваацэрэн 1967-2007 онд АУДэС, АУИС, ЭМШУИС-ийн Мэс заслын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, багшаар тасралтгүй ажиллан Монгол улсын эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хүчин зүтгэсэн. Их сургуульдаа багшлахын сацуу Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэс заслын тасагт мэс засалч, зөвлөх эмч, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн зөвлөх, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх эмчийн үүргийг нийтдээ 43 жил гүйцэтгэн 5000 гаруй мэс заслыг хийжээ.

     Эрхэм багшийн маань оюунлаг эрч хүч, хөдөлмөр зүтгэл, хүнлэг энэрэнгүй зан чанар нь Монголын эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, мэргэдэд анагаах эрдмийг хүртээх, үндэсний эрдэмтэн судлаачдыг өсгөн бойжуулахад үнэлж баршгүй ундарга нь болж байв. Профессор Н.Даваацэрэн багшийн ухамсарт амьдралын эрч хүч нь эрдэм судлалын ажилд зориулагдсан бөгөөд эрдэм шинжилгээний 200 гаруй бүтээлийг туурвисан нэрт эрдэмтэн байлаа. Тэрээр 1986 онд “Хүний шохойжсон бэтгийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ” сэдвээр дэд эрдэмтний (Ph.D) зэрэг хамгаалан, 1993 онд Дэд профессор, 1997 онд АУИС-ийн Клиникийн профессор, 2001 онд Профессор, 2018 онд АШУҮИС-ийн Хүндэт профессор цолыг тус тус хүртсэн. Багш маань Профессор П.Долгорын багт ажиллан “Элэг цөсний өвчнийг оношлож, мэс заслаар эмчлэх асуудлыг хам шийдсэн нь” бүтээлээр 1990 онд Монгол улсын Төрийн шагнал хүртсэн билээ.

    Профессор Н.Даваацэрэн багшийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80, 90-н жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалах (1993), Ардын боловсролын (2001) тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол улсын “Хүний гавьяат эмч” цол, Багшийн гавьяа (2010), Тусгаар тогтнол (2012), Хүний төлөө (2017) одонгуудаар тус тус шагнагдсан.

    Түүний ажилч хичээнгүй, шударга, туйлбартай, хөдөлмөрч зан чанар, бусдад тавих анхаарал халамж, нөхөрсөг хүнлэг, энгийн элэгсэг харилцаа, инээмсэглэсэн гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.

                                                                                                                                               

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Бусад мэдээ, мэдээлэл