АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Үүсгэсэн огноо: 2018-09-24

 

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайлангаар Монгол улс нь Номхон далайн баруун бүсийн орнууд дотроос сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг ба сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна. Монгол улсын сүрьеэгийн нийт тохиолдлын 69%-ийг 16-44 насныхан эздэг бөгөөд 2012 оны байдлаар нийт өвчлөгчдийн 30% нь 15-24 насанд тохиолдож байгаа нь оюутан залуусын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгааг харуулж байна. Тийм учраас 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд АШУҮИС, АУС, Уушги судлалын профессорын багийн багш нар болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран оюутнуудын дунд сүрьеэгийн илрүүлэг хийх, үзлэг шинжилгээг зохион байгуулав.

 Явуулын үзлэгийн түвшинд автобусанд суурилуулсан SD3000 загварын өндөр нягтралтай бүрэн дижитал рентген аппарат ба лабораторийн түвшинд түрхэц болон молекул биологи (PCR)-ийн шинжилгээг нийт 550 (Үүнээс 500 гаруй нь төгсөх дамжааны) оюутанд хийж гүйцэтгэв. Шинжилгээнд хамрагдагсан оюутнууд дотор 8 хүн рентген шинжилгээнд сэжиг бүхий гарсан боловч цэрний түрхэцийн болон  PCR шинжилгээгээр идэвхтэй сүрьеэ өвчин байхгүй болох нь тогтоогдов.

     Оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор үзлэгт орсон хүн бүрт гарын бэлэг (шүдний оо) өгөв.

     Уг ажилд гүн туслалцаа үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангаж өгсөн АШУҮИС-н Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал проф. Д.Зориг, АУС-н захирал проф. С.Мөнхбаярлах болон бусад арга зүйч нарт талархал илэрхийлье.

 

Бусад мэдээ, мэдээлэл