ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2018-09-25

 

     АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн үндсэн мэргэжлийн сургалтын элсэлтийн шалгалт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт амжилттай зохион байгуулагдлаа. Шалгалтын зохион байгуулалтыг захирлын 2014 онд баталсан "Төгсөлтийн дараах анагаах ухааны боловсрол олгох сургалт зохион байгуулах тухай" А/60 тоот тушаал болон 2014 онд батлагдсан "Ёс зүйн дүрэм"-ийг баримтлан зохион байгууллаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтанд нийт 1400 гаруй эмч цахимаар бүртгүүлж, 1009 эмч шалгалтанд орсноос 786 эмч анагаахын чиглэлээр, 223 нүүр ам судлал, уламжлалт анагаахын чиглэлээр шалгалт өгсөн байна. Шалгалтын сорил боловсруулах, түүний найдвартай байдал, нууцлалыг  хангах асуудлыг тусгай комисс ажиллаж хийсэн бөгөөд шалгалтыг ил тод, нээлттэй, шударга явуулах үүднээс элсэгчдийн материалыг бүх шалгуулагчийн нүдэн дээр мэргэжил тус бүрээр нь нээлттэй уншуулан дүнг вариант тус бүрээр нь танилцуулж, батлагдсан хуваарьт онооны дараалалаар жагсааж мэргэжил сонголтыг хийлгэлээ. Шалгуулагчид хүлээлт үүсгэхгүй, өөрийн шифрийн дагуу дүнгээ сонссон нь өмнөх жилүүдийн элсэлтийн шалгалтаас онцлог болж өнгөрлөө. Нөгөө талаар бүх шалгуулагч ёс зүйн дүрмийг баримтлан шалгуулахаа илэрхийлэн ёс зүйн хамтын гэрээ байгуулан шалгалтаа өгсөн нь шинэлэг боллоо.

     Уг ёс зүйн дүрмэнд: шалгалтын комиссын гишүүдийг үг хэл, бие сэтгэл, ил болон далд цахим хэлбэрээр дарамт учруулахгүй,  хэн нэгэн танил тал, удирдах албан тушаалтнаар дүн ахиулах, суралцах эрх олох оролдлого хийхгүй, шалгалтын комиссын гаргасан эцсийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах, шалгалтын материалаа зөв гаргацтай, тод бөглөөгүй, өөрийн хариуцлагагүй үйлдэлдээ бусдын ажилд хүндрэл үүсгэхгүй, эргэлзээтэй асуудлаа шалгалтын дэгд заасны дагуу шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан болно.

     Энэ жил дүрс оношилгоо, хүүхдийн анагаах, арьс гоо заслын чиглэлээр     шалгуулагчдийн дийлэнх хувь нь шалгалтанд хамрагдсан байлаа. Харин өрхийн анагаах ухаан, сүрьеэ судлал, яаралтай тусламж, уламжлалт анагаах ухаанаар шалгуулагчид цөөн тоотой байсан нь эрүүл мэндийн хүний салбарын хүний нөөцийн цаашдын бодлогод анхаарууштай асуудал болох нь ажиглагдлаа.

Нийт элсэгчид та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

Бусад мэдээ, мэдээлэл