НЭГДҮГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН “ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН БАЯР

НЭГДҮГЭЭР ДАМЖААНЫ ОЮУТНУУДЫН “ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН БАЯР

Үүсгэсэн огноо: 2018-10-10

 

     Мэргэжил бүхэн сайхан ч эмчийн мэргэжил хамгийн хариуцлагатай эрхэм мэргэжлийн  нэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ.  АШУҮИС хэмээх босго өндөр их айлд эмч гэх эрхэм нэрийг зүүхийн төлөө жил бүр олон мянган аавын хүү, ээжийн охин хөлс хүч, эрдэм мэдлэгээ уралдуулан орж ирдэг. АШУҮИС-д элсэн орсон цаг мөч бүрээс эхэлж, зөв хүн болж төлөвшин, мэдлэгтэй эмч болж мэргэшихийн  төлөө оюутан бүр хичээж их хариуцлагыг нуруундаа үүрдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ энэ их айлд хөдөлмөрлөж буй эрдэмтэн багшаас эхлээд  эгэл жирийн оюутан хүртэл хариуцлагаасаа төвөгшөөлгүй зүтгэж, хичээж байдаг нь бахархууштай...

     Энэ л бахархалтай мэргэжлийг эзэмшихээр сонгосон АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд 2018 оны 10 сарын 8, 9-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв зааланд “Тангараг өргөх ёслол”-оо хийсэн юм. Эмчийн цагаан халатаар гоёж, сэтгэл хөөрч омогшин суугаа эдгээр залуус бүхнийг хийж бүтээе, чадна  гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн харагдаж байлаа.

 

 

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмон нээж үг хэлсэн бөгөөд

АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал АУ-ны академич, доктор, профессор Н.Сүмбэрзул

АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Түвшинжаргал

АШУҮИС-ийн Оюутны албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ нар тус тус оролцож,  нийт сургуулиудын 1505 оюутан тангараг өргөлөө.

     Мөн АУС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамц өөрийн оюутан ахуй цагийн дурсамж болоод одооноос анхаарах ёстой зүйлсийг дурьдаж оюутан залуустай чин сэтгэлийн яриа өрнүүлсэн нь  эрдмийн их далайд хөл тавьж буй нэгдүгээр дамжааны оюутнуудад ихээхэн мэдлэг болж чадсан биз ээ. Түүнчлэн АУС-ийн VI дамжааны шилдэг оюутан Б.Оюундарь, АУС-ийн  617-р хэсгийн оюутан Н.Цогтсайхан нар нэгдүгээр дамжааны дүү нартаа зориулж өөрсдийн сурах явцынхаа мэдлэг туршлагаас хуваалцсан юм. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа дуу хууртай, сэтгэл догдлолтой болж өнгөрлөө. Тангаргаа өргөсөн нийт нэгдүгээр дамжааны оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

Бусад мэдээ, мэдээлэл