“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ” БОЛЛОО.

“СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ХУРАЛ” БОЛЛОО.

Үүсгэсэн огноо: 2018-10-10

 

     АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал”, сургалтыг 2018.09.28-29 өдрүүдэд амжилтай зохион байгууллаа.

    Хурлын үйл ажиллагааг нээж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дах салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Цабшир, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин нар мэндчилгээ дэвшүүллээ.

     Засаг дарга Т.Энхтүвшин хэлсэн үгэндээ Дорноговь аймагт олон улсын хурал анх удаа өргөн хүрээтэй, өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.

     Олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, БНХАУ-ын, Япон улсын төлөөлөл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Говь-Алтай, Дархан-Уул аймаг дахь салбар сургууль, Сувилахуйн амьдрал төв, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр болон ГССҮТ зэрэг  хот хөдөөгийн нийт 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын 120 гаруй сувилагч, мэргэжилтнүүд хуран чуулсан байна.

 

 

     Хурлын хүндэт зочин ЭМХТ-ийн мэргэжилтэн Д.Баярхүү “Сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараахи сургалтын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага”, Сувилахуйн амьдрал төв ТББ-ын тэргүүн Т.Сүрэнхай “Сувилахуйн боловсролд сувилагчийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, Энхтайваны корпусын мэргэжилтэн Joel Chaves, Camille Pham-Lake, Hanna Peterson нар “Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгоход сувилагчдын гүйцэтгэх үүрэг, оролцоо”, ӨМӨЗО, Монгол УАУ-ны Олон Улсын Нийгэмлэгийн тэргүүн АУ-ы магистр, клиникийн профессор, Сорогзон эмнэлгийн зөвлөх эмч Г.Цэцэнбаатар “УАУ-ыг дэлхийд хөгжүүлэхэд сувилагчийн оролцоо”, JICA-ийн сайн дурын ажилтан Хироми Тахара “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба нийгэм” сэдвээр лекц уншлаа.

     Төв, зүүн болон говийн бүсийн аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчид маань сувилахуйн тусламж үйлчилгээний ололтууд болон сувилагчийн үйл ажиллагаа, сувилагч мэргэжилтэнд тулгамдаад буй нийгмийн асуудлын талаар хийсэн олон судалгааны илтгэлүүдээ хэлэлцүүллээ.  

     Тус хурал нь шинэлэг мэдээ мэдээлэл хийгээд сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сувилагчийн оролцоо ямар чухал болохыг харуулсан, харилцан биенээсээ туршлага солилцсон, мэргэжлийн чиглэлээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж өгсөнд хуралд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.

     Хурлын 2 дахь өдөр сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа хандлага” сэдэвт 1 багц цагийн сургалтыг зохион  байгуулсан.

   Энэхүү хурал сургалтыг хамтран зохион байгуулсан Дорноговь аймгийн ЗДТГ, дэмжин оролцсон ЭМХТ, бүсийн  аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, ивээн тэтгэсэн Бадрах энержи ХХК  болон зохион байгуулсан Дорноговь салбар Анагаах Ухааны Сургуулийн хамт олондоо  баярласнаа илэрхийлье.

 

АШУҮИС-ийн Дорноговь салбар АУС-ийн Сургалтын алба

Бусад мэдээ, мэдээлэл