“ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН САЙН ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖЛЫН САЙН ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ОНОЛ, ПРАКТИКИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2018-11-07

 

     “Эрүүл мэндийн нийгмийн ажлын сайн туршлага, хамтын ажиллагаа, хөгжлийн хандлага” сэдэвт онол, практикийн анхдугаар хурлыг ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль 2018 оны 11 сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тус хуралд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзэл, Эрдэм, шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, МУ-ын гавьяат багш АУ-ны доктор, профессор Х.Дамдинжав нар НЭМС-ийн захирал Д.Даваалхам болон  21 аймаг, 9 дүүргийн төлөөллөөс бүрдсэн эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд оролцлоо.

     Эрүүл мэндийн тогтолцоонд нийгмийн ажилтнууд ажиллаад 10 гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд ямар сайн туршлага хуримтлуулж, цаашдаа яаж ажиллах хэрэгтэй байна вэ гэдэг асуудлыг хөндөж, тус хурлаар ярилцсан юм. Мөн эрүүл мэндийн нийгмийн ажилд тулгамдаж буй асуудал Яамны зүгээс үзүүлэх дэмжлэг, бодлогын талаар харилцан ярилцсан бөгөөд хурал үндсэн  гурван бүлэгт багтан илтгэлүүдээ танилцууллаа. Тус хуралд нийт 60 орчим илтгэл ирснээс 13 нь шалгарч өнөөдрийн онол практикийн хуралд тавигдаж байгаа аж.

     С.Хандмаа: Иргэд эмчилгээнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг эрүүл мэндийн нийгмийн ажилтнаас авах боломжтой

     АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрүүл мэндийн нийгмийн ажлын профессорын багийн ахлагч С.Хандмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хурлын зорилго, ач холбогдол юу байв? Эрүүл мэндийн нийгмийн ажилтан ямар үүрэг гүйцэтгэж ажилладаг юм бэ?

     Өнөөдрийн зохион байгуулж байгаа хурал үнэхээр ач холбогдолтой сургалт болж байна. Энэ хурлаар эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нотолгоонд  тулгуурласан нийгмийн ажлын практикийг дэлгэрүүлэх зорилготой юм.

     Эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх гар, хөл, тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойлгуулах, зөв мэдээлэл хүргэх гээд бүхий л ажлыг хийдэг хамгийн чухал цэг байдаг. Өөрөөр хэлбэл иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ нийгмийн ажилтны тусламжийг ч авах боломжтой. Эмчилгээнээс гадна  сэтгэл зүйн зөвлөгөө, өвчтөний ар гэрт мэдээлэл хүргэх, эмчилгээнээс бусад зөвлөгөө мэдээлэл өгдөг.

-Эрүүл мэндийн нийгмийн ажилтны хүрэлцээ хэр байдаг вэ?

     Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн сургууль бэлтгэдэг байгаа. Одоогоор 240 орчим нийгмийн ажилтан 2003 оноос хойш бэлтгэгдсэн байдаг. Цаашид ч бэлтгэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Хүн амын анхдагч шатлалд ихэвчлэн ажиллаж байна. Өрх, сумын эмнэлгүүдэд ажиллаж байгаа. Цаашлаад хоёрдогч, гуравдагч шатлалд эрүүл мэндийн нийгмийн ажилтан ажиллах шаардлага маш их байгаа. Энэ жилээс энэ мэргэжлээр элсэх элсэгчдийн тоогоо нэмэгдүүлсэн.

 

Бусад мэдээ, мэдээлэл