“ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

“ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-01-30

 

     “Хоол тэжээлийн цөм хөтөлбөр боловсруулах” нь сэдэвт сургалтыг Сургалтын бодлого зохицуулалтын газрын Багшийн хөгжлийн төв нь Канадын Калгари их сургуулийн багш нартай хамтран 2019 оны 1 сарын 22-25-ны хооронд амжилттай зохион байгууллаа.      

     Сургалтын эхний өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 22-нд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н. Сүмбэрзул, Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, СБЗГ-ын дарга Б.Оюунгоо, ГХХАГ-ын дарга Г.Нандин, ШУТГ-ын дарга Б.Баттүвшин нар Канад улсын Калгари их сургуулийн (КИС) профессор, “Мастер багш” хөтөлбөрийн захирал Heather Baxter, шим тэжээл судлалын ОУ-ын зөвлөх Zaman Ara нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр 2 сургуулийн өнгөрсөн жилүүдэд хийгдсэн ажлууд, мөн цаашдын сургалт болон судалгааны чиглэлийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

    Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ, суугаа амьдралын хэв маяг хөгжиж буй орнуудын хүн амын нас баралтын гол шалтгаан болоод байна. Амь насанд аюултай архаг өвчнүүд болох зүрх судасны өвчин, харвалт, даралт ихсэх, чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдруудын эрсдэлт хүчин зүйл нь буруу хооллолт болон хөдөлгөөний идэвхгүй байдал болжээ. Иймээс эрүүл мэндийн мэргэжилтнүүд хоол тэжээл, шимт бодис, эрүүл зохистой хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар өргөн мэдлэгтэй байж, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чадвартай байх нь чухал юм. АШУҮИС нь Монгол улсын ууган бөгөөд тэргүүлэгч анагаахын сургуулийнхаа хувьд энэхүү асуудлыг хөндөн, өөрийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх зорилгоор хоол тэжээлийн цөм хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд одоогийн 6 мэргэжлийн хөтөлбөрт (Хүний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлалч, Шүдний их эмч, Сувилагч, Эмзүйч) хоол тэжээлийн агуулгыг хэлэлцэж, шинэчлэн баяжуулж, цөм хөтөлбөрийг хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх сургалтын арга барилыг багш нарт сургах зорилготой Канадын их сургуультай хамтран сургалтыг зохион байгууллаа.

     Сургалтанд 7 бүрэлдэхүүн сургуулийн 15 тэнхимийн 30 багш оролцсон бөгөөд сургалтын үр дүнд 6 мэргэжилтэн тус бүрийн хоол тэжээлийн цогц чадамжийг тодорхойлж, тэнхим хоорондын агуулгын давхардлыг арилгаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын стратегийг боловсрууллаа. Сургалтанд хамрагдсан багш нар хоол тэжээлийн чиглэлээр багш болон оюутанд зориулсан гарын авлага боловсруулан, хэвлүүлэхээр ажиллаж байна. Сургалтын тутор багшаар АУС-ийн Уушги, харшил судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Солонго, орчуулагч болон фацилитатороор БХТ-ийн арга зүйч М.Үзмээ, ГХХАГ-ын мэргэжилтэн Д.Рэгзэдмаа, БХТ-ийн ахлах арга зүйч Т.Сумъяасүрэн, арга зүйч М.Энхтөгөлдөр нар ажиллаа.

 

Other news