“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” МОНГОЛ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” МОНГОЛ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үүсгэсэн огноо: 2019-04-10

   

    “Эрдмийн чуулган-61” Монгол анагаах ухааны салбар хуралдаан 2019 оны 4 сарын 4-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Ж. Цолмон болон АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат нар нээж үг хэллээ. Тус хуралдаан нь Зочин илтгэл, Монголын уламжлалт анагаах ухааны эм, заслын эмнэлзүйн судалгаа, Монголын уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эд, нийлмэл эмийн судалгаа, МУАУ-ны онол, түүх, эх сурвалжийн судалгаа гэсэн 4 хэсгээс бүрдэж хэсэг тус бүрт 3-5 илтгэл хэлэлцүүлэгдэв.

   Зочин илтгэгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцож “Уламжлалт Анагаах Ухаан-Үндэстний оршин тогтнохуй, соёлын дархлаа мөн” сэдвээр, МАУОУС-ийн захирал, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва “Монгол анагаах ухаан үндэсний ба олон улсын түвшинд хөгжих гарц” сэдвээр илтгэж, Монгол анагаах ухаан нь Монгол улсын үнэт өв соёл бөгөөд түүнийг дэлгэрүүлэн түгээх үйл ажиллагаанд төрийн дэмжлэг нэн чухал байгааг онцолсон юм.

  Мөн зочин илтгэгчээр МАУОУС-ийн Дотрын тэнхимийн багш С.Доржбат (БНХАУ-ын Тяньжиний Уламжлалт Анагаах Ухааны Их Сургууль), М.Сүрэнчимэг (Японы Кюүшү Их Сургууль) нар оролцож АУ-ны докторын зэрэг хамгаалсан судалгааны ажлыг танилцуулав.

  Аман илтгэлийн төрөлд МАУОУС-ийн Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Цэрэнцоогийн “Туршилтын амьтанд цисплатинаар үүсгэсэн эмгэг загварт таван үндэс ургамлын хандны үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл тэргүүлж, БАС-ийн Анагаахын химийн тэнхимийн багш, докторант Э.Уугангэрэлийн илтгэл дэд байр, МАУОУС-ийн магистрант Ц.Мөнхтуулын илтгэл гуравдугаар байрыг эзэллээ. Ханын илтгэлийн төрөлд МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимийн дадлагажигч багш Д.Энхмаагийн “Анагаах ухааны хятад хэл хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх асуудалд” сэдэвт ханын илтгэл тэргүүн байр эзэлж,  МАУОУС-ийн докторант Цогт, Жаргалсайхан нарын ханын илтгэлүүд удаахь байруудад орлоо.

   Салбар хуралдааны хаалтын үгэнд хуралдааны зохион байгуулалт, хуралдаанд оролцогчдын илтгэх ур чадвар, илтгэлийг бэлдсэн байдал зэрэг нь илүү чанаржин сайжирсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

 

  

 

 

Бусад мэдээ, мэдээлэл