АШУҮИС-ийн НЭМС нь АНУ-ын Иелийн Их Сургууль, Нью Иорк хотын Их Сургууль, Колумбийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо

АШУҮИС-ийн НЭМС нь АНУ-ын Иелийн Их Сургууль, Нью Иорк хотын Их Сургууль, Колумбийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо

Үүсгэсэн огноо: 2019-05-14

 

         НЭМС-ийн захирал, профессор Д.Даваалхам, ЭМНАНУТ-ийн багш, дэд профессор М.Сугармаа нар  2019 оны 5-р сарын 3-аас 10-ны хооронд  АНУ-ын  Иелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нью Иорк хотын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн инновацын төв, Колумбийн их сургуулийн Азийн судалгааны дэлхийн төв,  Нийгмийн Ажлын Сургуульд ажлын айлчлал хийлээ. АНУ-ын Нью Хэвэн хотод орших Иелийн их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал Sten H.Vermund болон тус сургуулийн Орчны эрүүл мэнд, Архаг өвчний эпидемиологийн тэнхим, бусад судалгааны төвүүдтэй танилцан профессор, багш нартай уулзаж цаашид хамтарсан судалгааны ажил хийх, багш судлаачдын чадавхийг дээшлүүлэх, зочин профессор, дадлагын оюутан харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв. Иелийн их сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал болон хамт олон манай сургуулийн төлөөллийг найрсгаар хүлээж авсан ба сонирхсон чиглэлүүдэд идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Иелийн Их Сургууль нь их дээд сургуулийг эрэмбэлэх QS эрэмбээр дэлхийд 15-р байранд ордог. НЭМС нь анх 1915 онд үүсгэн байгуулагдсан хамгийн эртний НЭМ-ийн сургуулийн нэг юм.

       Мөн Нью Иорк хотын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал  Ayamon El-Mohandes-тэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тус сургуулийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Инновацийн Судалгааны төвийн орлогч захирал Викториа Нго болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Монгол улсад хүчирхийлэл, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, интервенцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, багш оюутны сургалтын болон мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар болов. Нью Иорк хотын их сургууль нь 25 салбар сургууль коллеж, 275,000 оюутантай дэлхийн хамгийн том хэмжээний Хотын их сургууль юм.

 

   

     Колумбийн их сургуулийн Нийгмийн ажлын сургуулийн профессор, Азийн судалгааны дэлхийн төвийн Азийн орнууд хариуцсан захирал Сюзан Виттэй уулзаж, цаашид халдварт бус өвчний эрсдэлт зан үйлийг өөрчлөх хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан солилцооны чиглэлээр  хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов. Колумбын Их Сургууль нь АНУ-ын хамгийн эртний сургуулиудын нэг бөгөөд төгсөгчдөөс нь АНУ-ын 3 ерөнхийлөгч, 96 Нобелийн шагналтан төрсөн байна.

 

НЭМС, АШУҮИС

Бусад мэдээ, мэдээлэл