МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

МОНГОЛ-ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-06-17

 

     Монгол, Япон Засгийн газар хоорондын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны бодит биелэл болох орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2019 оны 06 сарын 16-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.  Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайд Д.Сарангэрэл, Монгол улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, мөн Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро, Япон улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока, хүндэт зочид төлөөлөгчид, ЖАЙКА-гийн төв байгууллага болон Монгол дахь  суурин төлөөлөгчийн газрын хамт олон Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан залуус уригдан оролцов. Нээлтийн үйл ажиллагааг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нээж эхлүүлсэн бөгөөд Япон улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро мэндчилгээ баярт үйл явдлыг хуваалцсан мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор манай улсын иргэд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгал буурч, давхар зардал гаргадаг явдал багасна гэдгийг онцолж, Монгол Япон хоёр улсын харилцаа цаашид илүү нягт болно гэдэгт илтгэлтэй байна хэмээн хэлэв.

    Энэ удаагийн ёслолын үйл ажиллагаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах ажил эхэлж буйн илэрхийлэл юм. Монгол –Япон сургалтын эмнэлэг нь Монголын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Ийнхүү Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдэж байна.   

 

 

Бусад мэдээ, мэдээлэл