МАУОУС БОЛОН ЯПОНЫ ТОКИО АРИАКЕ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ 3 ДУГААР СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

МАУОУС БОЛОН ЯПОНЫ ТОКИО АРИАКЕ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ 3 ДУГААР СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2019-09-17

 

   АШУҮИС, Токио Ариаке Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш 2 жил тутам зохион байгуулагддаг хамтарсан олон улсын оюутны симпозиумыг 3 дахь удаагаа 2019 оны 8 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд МАУОУС-ийн Уламжлалт анагаах ухааны заслын тэнхим амжилттай зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний симпозиумд Японоос ТАИС-ийн 1-4-р дамжаа, магистрантурын нийт 17 оюутан, 4 багш оролцож Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагаа, Монгол ахуй, соёлтой танилцсан төдийгүй эмнэлзүйн дадлага хийн, туршлага солилцож, спортын нөхөрсөг уулзалт тэмцээн хийлээ.

   Симпозиумын төлөөлөгчдийг 8-р сарын 22-ны өдөр АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Г.Нандин нар албан ёсны уулзалт хийн хүлээн авч, өөрсдийн оюутан цагийн туршлагаасаа хуваалцаж симпозиумын үйл ажиллагаа болон цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

   8-р сарын 24-25-ны өдрүүдэд Олон Улсын оюутны 3 дугаар симпозиум явагдаж ТАИС-ийн 7 оюутан, 4 багш, МАУОУС-ийн 10 оюутан, 3 багш нар эрдэм шинжилгээний илтгэл тавьж, оюутны шилдэг илтгэлүүдээр МАУОУС-ийн Уламжлалт засалч ангийн 3-р дамжааны оюутан Б.Мөнхцэцэг, ТАИС-ийн Жүдо бариа заслын ангийн 4-р дамжааны оюутан Ю.Такашина нар тус тус шалгарч хоёр их сургуулийн нэрэмжит шагналаар шагнууллаа. Оюутнуудын илтгэлүүдийн тоо өмнөх жилүүдээс ихэсч чанар нэмэгдсэн байгааг шүүгчээр ажилласан МАУОУС-ийн Дотор өвчин судлалын тэнхмийн эрхлэгч П.Молор-Эрдэнэ тэмдэглэн баяр хүргэж оюутнуудад урам өглөө.

   Төлөөлөгчид МАУОУС-ийн шинэ барилга, Монгол Япон сургалтын эмнэлэгтэй танилцаж, Монгол Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төвийн спортын гэмтэл, жүдо бариа заслын тасагт 18 өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийн тусламж зөвлөгөө өгч эмнэлзүйн дадлага хийлээ.

   Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник, спортын хороонд эмнэлзүйн дадлага хийж нийт 32 тамирчин, онцгой байдлын албан хаагчдад тусламж зөвлөгөө өглөө.

   ТАИС-ийн төлөөлөгчид МАУОУС-ийн багш нар, УА-ын Засалчийн 4-р дамжааны оюутнуудын хамт Н.Төмөрбаатар академичийн нэрэмжит Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвд зочлон, ТАИС-ийн дэд профессор Н.Күме тус төвийн эмч, мэргэжилтнүүдэд Жүдо бариа заслын эмчилгээний талаар сургалт зохион байгууллаа. Мөн Сэцэн хааны түүхэн музейг үзэж, Хэнтий аймгийн малчин айлд зочлон Монголын соёл, аж байдалтай танилцаж сэтгэл өндөр байв.

   8-р сарын 28-нд Анхдугаар олон улсын спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулан, МАУОУС болон ТАИС-ийн оюутнууд, 2019 оны АШУҮИС-ийн сагсан бөмбөгийн аварга МАУОУС-ийн шигшээ багийн холимог 3 баг, багш нарын холимог 1 баг гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр хүч хурд, авхаалж самбаагаа уралдуулан нийлбэр оноогоор оюутны 2-р баг тэргүүлж анхны цомын эзэн боллоо. Багш нарын багт урилгаар тоглосон АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, Мэргэжил Дээшлүүлэх Институтын захирал АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан багш нартаа талархсанаа илэрхийлье.

 

 

Бусад мэдээ, мэдээлэл