"ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙГ СЭРГЭЭН ЗАСАХ ОРЧИН ҮЕИЙН АРГУУД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН II ОНЛАЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

"ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙГ СЭРГЭЭН ЗАСАХ ОРЧИН ҮЕИЙН АРГУУД" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН II ОНЛАЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2019-10-10

 

     "Тархины саажилттай хүүхдийг  сэргээн засах орчин үеийн аргууд" сэдэвт II  олон улсын онлайн хуралд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн сэтгэл судлаач, хэл засалч, согог засалч эмч нараас гадна ОХУ,  Бүгд Найрамдах Донецк Ард Улсын эрдэмтэд, багш, эмч нар оролцож, тархины саажилттай холбоотой хийсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүн, практик туршлагаасаа хуваалцах уриан дор болж өнгөрлөө.

     2019 оны 10 сарын 1-ны хуралд “Хүнд хэлбэрийн тархины саажилттай хүүхдэд  үүдэл эсийг аутотрансплантацийн аргаар шилжүүлэн сэргээн засах  цогц эмчилгээ” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Станислав Константинович Евтушенко, “Тархины саажилттай хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсэн байдал” сэдвээр хэл засалч Ц.Сумангэрэл нар илтгэл хэлэлцүүлсэн нь оролцогч талуудын багш, эмч нар санал бодлоо солилцсон үр дүнтэй, сонирхол татахуйц байлаа.

     Тус бага хурлыг Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн их сургуулийн "Эколог ба хүний эрүүл мэнд" шинжлэх ухаан-боловсролын төвийн дарга, доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Кохан Сергей Тихонович, АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн Бичил амь дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Б.Ариунсанаа, АШУҮИС-ын Цахим сургалтын арга зүйч  Б.Балжинням нар амжилттай зохион байгууллаа.

Бусад мэдээ, мэдээлэл