ФИЛОСОФИЙН УЛСЫН XI ОЛИМПИАДАД АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

ФИЛОСОФИЙН УЛСЫН XI ОЛИМПИАДАД АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2019-12-02

 

     МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс санаачилсан философийн олимпиад энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиад "Философи, хүний эрхийн уулзварт: Экологийн ёс зүй” гэсэн сэдвийн хүрээнд экологийн ёс зүйн үндсэн зарчмууд, үзэл санааг танин мэдэх, эргэцүүлэх, экологид хөнөөлгүй ногоон амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байв. Хүний үйл ажиллагааны улмаас экосистем улам бүр доройтож буй энэ цаг үед байгаль болон хүрээлэн буй орчинд хандах залуусын хандлага, үнэлэмжийг өөрчлөхийн төлөө уг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, байгалийн болон хүний оршихуйн асуудлыг философи, хүний эрхийн уулзварт эргэцүүлэх нь цаг үеийн чухал ач холбогдолтой билээ.

    Дэлхийн философийн өдөрт зориулан тус олимпиадыг ХААИС, МУИС, Монголын Эмнести Интернэшнл хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 12 их, дээд сургуулийн баг хүч оюун, цэц ухаанаа сорилоо. Үүнээс 1-р байрт МУИС, 2-р байрт АШУҮИС, 3-р байрт ХААИС, 4-р байрт СЭЗИС шалгарав. Мөн мэргэн санаа дэвшүүлэгчээр ХААИС-ийн оюутан Ц.Төгөлдөр, уран илтгэгчээр СЭЗИС-ийн оюутан Б.Номон нар шалгарч үе тэнгийн оюутнуудаа манлайллаа.

   Багууд нэгдүгээр шатанд экологийн ёс зүйн асуудлаар илтгэл хэлэлцүүлж, философийн ерөнхий агуулгаар тестийн даалгавар гүйцэтгэж, экологийн ёс зүйн асуудал хүний эрхэд хэрхэн холбогдож буйг тодруулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж, утга санааг тайлбарласан бол хоёрдугаар шатанд философийн эх зохиолд дүн шинжилгээ хийж утга санааг тайлбарлаж, экологийн ёс зүйн асуудлаар кино хэлэлцүүлэг өрнүүлж, тохиолдлыг задлан шинжилж мэтгэлцэв.

   Олимпиадад сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтны хоёрдугаар дамжааны оюутан Н.Мөсөнболор, О.Энхзул, Б.Идэржав, Ц.Гэрэлсүрэн болон нэгдүгээр дамжааны оюутан Г.Дөлгөөн нарт дахин баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.  

   Жил бүр тогтвортой зохион байгуулагддаг энэхүү олимпиад нь философийн мэдлэгийг түгээх, сурталчлан таниулах, философийг сонирхон судлах оюутан залуусын хүрээг өргөжүүлэх, холбогдох асуудлыг философи, хүний эрхийн уулзварт эргэцүүлэх, философийн мэдлэгийг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх, философийн хичээл зааж буй багш нарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан бие биенээсээ суралцах нэг үр дүнтэй талбар болж байна.

 

Бусад мэдээ, мэдээлэл