АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ АЛБАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ АЛБАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Үүсгэсэн огноо: 2019-12-02

   

    Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн профессорууд, багш судлаачид, оюутан залуус та бүхэнд АШҮУИС-ийн Оюутны албаны түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

    Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрсдийн бүтээлч хөдөлмөрөө зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмэндээ мэргэжлээрээ овоглуулан хүндлэгдсэн алтан гартай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, төгсөгчид маань АШУҮИС-ийн үе үеийн оюутнууд байсан билээ. Тэдгээр оюутнуудыг эх орондоо хайртай, хүнлэг, бие бялдар, гоо зүй, ёс суртхууны өндөр хүмүүжилтэй  иргэн болон төлөвших, мэргэжилдээ дуртай, чадварлаг мэргэжилтэн болон хөгжихөд оюутны асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд, деканат, оюутны албаны үүрэг асар их байсныг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Тийм ч учраас өнөөдрийн энэ түүхт ойг үе үеийн төгсөгчидтэйгээ, эмч мэргэжилтнүүдтэйгээ бид хамтран тэмдэглэж байна.

   Аливаа ойг тэмдэглэнэ гэдэг хөгжлийн хүрсэн түвшингээ тодорхойлон, ололт амжилтаараа бахархаж, алдаанаас сургамж авахын зэрэгцээ тулгамдсан асуудлаа тодорхойлон, цаашдын хөгжлийн  зорилго, чиг хандлагаа шинэчлэн тогтоон, түүнийг шийдвэрлэх арга замаа төлөвлөн, нөөцөө тэргүүлэх чиглэлийн хүрээнд зөв зохистой зарцуулах, үр дүнг бодитой үнэлэх механизмыг бүрдүүлэх түүхэн мөч байдаг. Энэ үүднээс авч үзвэл оюутны хөгжлийн талаарх АШҮУИС-ийн бодлого дараах үндсэн асуудалд чиглэгдэж байна. Үүнд:

- Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжил, даяаршлын эринд монгол үндэстний эрдэм ухаан, уламжлал, соёл, зан заншил, ёс суртахууны эрхэм чанарыг өөртөө шингээсэн, бусад үндэстний хэл, соёл, зан заншлыг хүндэтгэн үздэг, оюуны өндөр чадавхитай, эх оронч, хүнлэг, манлайлагч, эрүүл чийрэг, гоо зүйн өндөр боловсролтой, ёсзүй, ёс суртхууны өв тэгш хүмүүжилтэй иргэнийг төлөвшүүлэх

- Анагаах ухааны чиглэлээр хүн төрөлхтөний хуримтлуулсан мэдлэг, технологийн арвин их сангаас тасралтгүй суралцан, өөрийн судалгаа, туршлагаар улам баяжуулан, мэдлэгийг баялаг болгон бүтээлчээр ашиглах, багаар ажиллах, харилцааны ур чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй ирээдүйн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өсгөн бойжуулах явдал юм

     Энэхүү бодлогын хүрээнд оюутны алба нь оюутныг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагааг чанарын ахисан түвшинд, төлөвлөгөөтэй, үр дүнтэй, оюутанд ээлтэйгээр зохион байгуулах шинэ сорилттой учирч байна. Хуримтлуулсан туршлага, гадаад дотоодын их дээд сургууль, байгууллагуудтай тогтоосон харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэл, их сургуулийн дэмжлэг, хамт олны бүтээлч хөдөлмөр, оюутан залуусын сурах, хөгжих чин эрмэлзлэл нь энэхүү сорилтыг даван туулах чадавхи, нөөцийг  та бүхэнд, оюутны албанд бүрдүүлж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Оюутныг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр гарч буй бүхий хүчин чармайлт, бүтээлч санаачилга, үйл ажиллагааг АШҮУИС онцгой анхааран, дэмжин ажиллаж ирсэн, ажилласаар ч байх болно. Ялангуяа оюутны нийгэмлэг, клубүүд өөрсдөө санаачилан, оюутнуудыг хариуцлагатай иргэн болон төлөвшүүлэх, чадварлаг мэргэжилтэн болон хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих болно.

   Ингээд эцэст нь монголын мянга мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах, тэднийг эх оронч иргэд болгон төлөвшүүлэх, эрдэм мэдлэгтэй чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хөгжихөд оюун ухаан, бүтээлч хөдөлмөрөө зориулан ажилласан эрдэмтэн профессорууд, багш нар, үе үеийн оюутны албаны дарга, мэргэжилтнүүд, оюутан залуустаа ойн мэндийг дахин дэвшүүлж аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.    

Other news