НИЙТ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД!

НИЙТ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН АНХААРАЛД!

Үүсгэсэн огноо: 2020-03-18

 

   Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч "COVID-19" хэмээн нэрлэгдсэн энэхүү аюулт өвчний эсрэг Монгол улсын төр засаг шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд үндсэн мэргэжлийн чиглэлээр суралцаж буй резидент эмч та бүхнийг дайчлан, шаардлагатай үед голомтонд ажиллуулах бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ.

   Бид өнөөдрийг хүртэл энэхүү аюулт өвчний эсрэг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Улаанбаатар хот руу орох, гарах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр 24 цагаар ажиллаж, зарим мэргэжлийн,  тухайлбал мэс засал, дотор, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр суралцаж байгаа эмч нар маань бэлэн байдлыг ханган ажиллаж байна. АШУҮИС-ийн резидент эмч нар 2003, 2009 онуудад гарсан SARS, H1N1 үед ч мөн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байсан арвин туршлагатай. Төр засаг ч энэ хүнд үед ажилласан эмч нартаа урамшуулал олгож байсныг бид мартаагүй, тэрхүү голомтонд ажилласан эмч нар маань тухайн үедээ арвин туршлага хуримтлуулж, өнөөдөр ч тэргүүн эгнээнд ажиллаж байна. Тиймээс резидент эмч нар та бүхэндээ хэн нэгний өдөөн хатгасан, нийтийн санаа бодлыг үймүүлсэн мэдээлэлд авталгүй өөрсдийн хариуцсан ажилдаа санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хүсч байна.

  Дайчлагдан ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл байдлын талаар Мэргэжил Дээшлүүлэх Институтийн зүгээс хяналт хийж, ЭМЯ, НЭМГ-т удаа дараа  цаг тухайд нь хүсэлт гарган, дайчилгаанд ажиллаж буй эмч нарын халдвар хамгаалал, аюулгүй байдал, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажиллахыг мэдэгдсэн.

   Аливаа ажлын үр дүнтэй төгсгөл хүртэл Дэлхий нийтэд хүнд сорилт болсон "COVID-19" цар тахлын үед ард түмэн, үйлчлүүлэгч нарын эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа олон мянган эмч нартай мөр зэрэгцэн, хүлээсэн үүргээ ухамсарлан, хариуцлагатайгаар манлайлан ажиллахыг  та бүхэндээ уриалж байна.

Бусад мэдээ, мэдээлэл