ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНУУДЫН ДАСАН ЗОХИЦОХ АСУУДАЛ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНУУДЫН ДАСАН ЗОХИЦОХ АСУУДАЛ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

Үүсгэсэн огноо: 2020-03-31

 

   2020 оны 3-р сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн Их сургууль, Бүс нутгийн инклюзив боловсролын төвөөс "Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох сэтгэлзүйн болон сурган хүмүүжүүлэх талууд" сэдэвт олон улсын онлайн дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн онлайн ярилцлага нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дунд тулгарч байгаа нийгмийн болоод сэтгэл зүйн асуудлыг хөндөн гаргаж тависанаараа чухал ач холбогдолтой болов. 

  Онлайн хэлэлцүүлгийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дасан зохицох талаархи сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх, нийгмийн асуудал Оросын Холбооны улсын болон Олон улсын бусад их дээд сургуулиуд энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа, цаашид хамтран ажиллах,туршлага солилцох, дүн шинжилгээ хийх хэрэгцээ байгааг тодорхойлов. Энэхүү уулзалтанд Оросын Холбооны Улсын Өвөр Байгалийн Их Сургууль, Новосибирскийн их сургууль, Донецскийн Анагаах Ухааны Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль оролцож хөгжлийн бэрхшээлтэй оюутны хувь хүний болон мэргэжлийн хөгжлийн үйл явцыг дэмжих практикт үйл ажиллагааны хамтын оролцоог идэвхжүүлэх асуудлаар  багш, магистрант, мэргэжилтнүүд санал солилцов.

   Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Нина Виноградова "Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нийгмийн болон оюун ухаан сэтгэлзүйн нөхөн сэргээлт чухал хүчин зүйл болох нь" сэдвээр илтгэл тавилаа. Боловсролын сэтгэл судлалын дэд профессор Марина Сомина Өвөр Байгалийн их сургуулийн боловсролын нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгэм-сэтгэлзүйн дасан зохицох шалгуур үзүүлэлтүүдийг оношлох туршлагын талаар танилцуулав. Яна Грабовская илтгэлээ “Хөгжлийн бэрхшээлтэй 1-р дамжааны оюутнууд боловсролын орчны нөхцөл байдалд дасан зохицох нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

  АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн бичил амь судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Б.Ариунсанаа, Эм зүйн сургуулийн Эмийн хими, ургамал судлалын тэнхимийн багш, Эм зүйн ухааны доктор, дэд профессор Б.БаясгаланХААИС-ийн эдийн засаг бизнесийн сургуулийн багш сэтгэл судлалын ухааны доктор Ч. Отгон нар “Бие хүний хандлагыг тодорхойлох” сэдвээр асуудал хэлэлцүүлсэн ба тэдний судалгаагаар 37 буюу 54,41% оюутан нь “Үйл ажиллагаанд хандсан хандлага”-тай, 32,35%  “Харилцаанд хандсан хандлага”-тай, 13,3% нь “Өөртөө хандсан хандлага”-тай байсан нь нотлогджээ. Үйл ажиллагаанд хандсан оюутнууд суралцах үйлтэй холбоотой аливаа асуудлыг зөвөөр шийдвэрлэдэг байхад харилцааг эрхэмлэдэг суралцагчид бусадтай хамтран ажиллах сонирхолтой ч асуудалд хандахдаа бүлгийн хамааралтай болохыг, харин өөртөө хандсан хандлага бүхий оюутнуудад түгшимтгий, цухалдуу зэрэг зарим сөрөг шинжүүд илэрдэг байна. Судалгааны асуултуудын хариултанд дүн шинжилгээ хийж үзэхэд оюутнуудын ихэнх нь их сургууль тэднийг амьдралд бэлтгэж байгаа багш нар суралцагчдын сонирхолд тулгуурлан хичээлээ заадаг, мөн хичээлээ гүнзгийрүүлэн судлахад идэвхжүүлэн уриалдаг  гэж үзсэн. Мөн дийлэнх оюутнууд амьдралдаа амжилт гаргасан хүнтэй адил байхыг хүснэ гэж хариулжээ.

  Цаашид  хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгмийн болоод сэтгэл зүйн асуудал, тэдэнд тулгарч байгаа аливаа асуудлыг хамт олонд түшиглэн явуулах, тэдний хэрэгцээг  мэдрэх, нийгмийн амьдралд оруулах, төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоо, хамтаараа хөгжих нь чухал болохыг тэмдэглэв.  

 

Бусад мэдээ, мэдээлэл