АШУҮИС-ИЙН ЦӨМ ЛАБОРАТОРИД “СУДЛААЧИЙН ГАР” ХӨШӨӨГ БҮТЭЭН БОСГОЛОО

АШУҮИС-ИЙН ЦӨМ ЛАБОРАТОРИД “СУДЛААЧИЙН ГАР” ХӨШӨӨГ БҮТЭЭН БОСГОЛОО

Үүсгэсэн огноо: 2020-05-20

 

     Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 20-ны өдөр Эрдэм шинжилгээний ажилд зориулсан “Судлаачийн гар” хэмээх хулганы хөшөөний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. АШУҮИС-ийн 62-р Эрдмийн чуулганы өмнө Эрдэм шинжилгээний ажилд зориулж, соён гэгээрүүлэх, хөгжлийн замд түүчээлсэн “Хулганы хөшөө”-ний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны мэргэжилтэн, АУ-ны доктор Оюунсүрэн  болон АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон тэргүүтэй захирлын зөвлөлийн гишүүд  оролцов.

    Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь эрдэм шинжилгээний бааз суурийг бэхжүүлэхэд лабораторийн амьтан чухал байр суурь эзэлдэг. Орчин үед биологийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурд нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн амьтны хэрэгцээ, шаардлага, улам бүр өссөөр байна.

   Лабораторийн амьтан нь биоанагаахын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.  Өөрөөр хэлбэл лабораторийн амьтны судалгаа нь хүн төрөлхтөнийг орлох, аюулгүйн үнэлгээ, туршилтын үр дүнг хариуцаж буй тул үнэ цэнэтэй байсаар байна.

   Сүүлийн жилүүдэд генийн инженерчлэл, үүдэл эсийн технологийн дэвшил нь судлаачдад лабораторийн амьтанд загвар үүсгэх боломжийг олгосоор байгаа юм.

   Өнөөдрийн байдлаар лабораторийн хулганыг орчин үеийн генетикийн судалгаанд тэргүүлэх загвар гэж үздэг. Учир нь хулганыг хэрэглэхэд хялбар, богино хугацаанд үржиж чаддаг, төлөрхөг хөхтөн амьтан.

    Хулганы геномын бүрэн дараалалыг тогтоосон нь генийн үйл ажиллагааны талаарх бусад хүн болон бусад сүүн тэжээлтний геномтой харьцуулах, генийн чиг үүргийн талаар судлах боломжийг олгосон. Геномын дараалал, генийн инженерчлэл зэрэг чадавхийг бэхжүүлж чадсанаар өвчний эмгэг, гарал үүслийн хөгжил, эмчилгээг бүрэн дүүрэн судлах боломжтой болсон юм. Хулганы геномыг өөрчлөх нь хүний эрүүл мэнд, өвчний генетик үндэслэлийг судлах судалгааны давуу тал төдийгүй олон төрлийн судалгаанд ашиглах боломжтой байна. Тиймээс эрдэм шинжилгээний ажилд чухал ач холбогдол бүхий энэхүү амьтны хөшөөг  “Судлаачийн гар” нэртэйгээр бүтээн босголоо.

 

Other news