АШУҮИС-ИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЦАХИМ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АШУҮИС-ИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ЦАХИМ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Үүсгэсэн огноо: 2020-05-29

 

   Өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 29-ны өдөр АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн төгсөлтийн баярын цахим хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын хүний ардын эмч, АУ-ны доктор, профессор Ж.Хатанбаатар, АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Ж.Цолмон болон АШУҮИС-ийн захиргаа болон эрдмийн зөвлөлийн хүндэт баш төлөөлөгчид оролцлоо.

   Дэлхий нийтэд COVID19 цар тахалд дэгдэн, улс орнуудын нийгэм, эдийн засгийн амьдралд хүнд сорилт тулгарч буй энэхүү хүнд хэцүү өдрүүдэд АШУҮИС-ийн хамт олон төр, засаг, улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн, дээд боловсролын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэн, эрдэм судлалын ажлаа цар тахлаас сэргийлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Энэ онцгой үед хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө эрдэм чадлаа харамгүй зориулдаг мэргэжлийг сонгон суралцсан оюутнууд маань төгсөлтийн шалгалтаа цахимаар амжилттай өгч нийт бүрэлдэхүүн, салбар сургуулиудаас мэргэжлийн, дипломын, бакалаврын  боловсрол олгох 24 мэргэжлийн чиглэлээр 1944 оюутан төгсөж байна. Үүний 1383 нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль, 561 нь салбар сургуулийн төгсөгчид байна. Онцгойлох дипломтой төгсөж буй 19 төгсөгчдийн  4 нь АУС, 1 нь  НЭМС, 2 нь БАС, 3 нь Сувилахуйн Сургууль, 9 нь ЭЗ сургуулийн төгсөгчид юм. Их сургуулиа дүүргэн, хүсэж мөрөөдөж байсан мэргэжилээ эзэмшсэн нийт төгсөгчиддөө төгсөлтийн баярын халуун мэндийг  дэвшүүлье.

 

Бусад мэдээ, мэдээлэл