ШУТГ-ЫН “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-Д “СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ” ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

ШУТГ-ЫН “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ”-Д “СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН СТАТИСТИК БОЛОВСРУУЛАЛТ” ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Үүсгэсэн огноо: 2020-06-04

 

   Монгол Улсын засгийн газар, БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” болон АШУҮИС-ийн хөгжлийн бодлого /2015-2024 он/-ын хүрээнд  АШУҮИС-ийн хамт олон нь 2024 онд Ази-номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилгыг дэвшүүлэн ажиллаж багш, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, судалгаа шинжилгээний ажил хийх таатай орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар чансааг нэмэгдүүлэх, салбар дундын судалгааны багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, судлаачид харилцан туршлага солилцох зорилгоор ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН дэргэд “СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВ” шинээр байгуулагдан үйл ажиллагаа эхэлж байна. Тус төв нь судалгааны ээлтэй орчинг бий болгох, судалгааны боловсруулалт, хэл зүйн сургалт, зөвлөгөө өгөх, салбар дундын судалгааны баг бүрдүүлэх, судалгааны төсөл шалгаруулалтын тухай мэдээлэл олгох, АШУҮИС-ийн харьяа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чадамжийг сайжруулах, багш, судлаачдын эрдэм шинжилгээ судалгаа, төсөлт ажлын мэдээллийн банк үүсгэх, хөгжүүлэх, АШУҮИС-ийн профессор багш нар болон Өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэрэг хамгаалсан судлаачдын эрдэм шинжилгээ-судалгааны ажлын туршлага хуваалцах, нотолгоонд суурилсан, нээлттэй, сонголттой сургалт явуулах гэсэн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

   ШУТГ-аас АШУҮИС-ийн нийт багш, судлаач нарын дунд Судалгаа хөгжлийн төвийн сургалтын хэрэгцээний судалгааг цахим хэлбэрээр 2020-05-25-ны өдрөөс эхлэн явуулахад нийт 77 багш, судлаачид сургалтанд хамрагдах талаар санал ирүүлсэн байна. Тус судалгааны үр дүнд үндэслэн 2020-06 сард “Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалт”, “Судалгааны бүтээлийг хэвлүүлэхэд сэтгүүл хэрхэн сонгох тухай”, “Судлаачдийн чадамжийг хэрхэн үнэлэх тухай” сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. 2020-06-03-ны өдөр эхний сургалт болох “Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалт” сургалтыг АУ-ны доктор Г.Баясгалан /Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд-12 өгүүлэл , нийт ишлэлийн тоо-104, H индекс-6/ нийт 12 багш, судлаачдын дунд явуулж эхэллээ. Тус сургалт ДАВАА, ЛХАГВА, БААСАН гарагуудад 9.00 цагт Судалгаа хөгжлийн төвийн сургалтын танхимд явагдана.

   Мөн судлаачдийн үнэлгээ болон сэтгүүл хэрхэн сонгох тухай сургалтууд 2020 оны 6 дугаар сард долоо хоног бүрийн ЛХАГВА, ПҮРЭВ гарагуудад явагдахаар төлөвлөж байна.

   Мөн энэ 6 сард Нидерландын вант улсын Гронингений их сургуульд АУ-ны докторын зэрэг хамгаалж, Эрдмийн чуулган-62-ын Шилдэг судлаачаар шалгарсан АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш Б.Оюунтөгс / Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд-4 өгүүлэл, нийт ишлэлийн тоо-5, H индекс-2/-ийн сургалт 2 удаа зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

 

Та бүхэн сургалтад хамрагдахыг хүсвэл ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАЗАРТ хандана уу.

 

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ, мэдээлэл