АШУҮИС-ийн Эрдмийн цол гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Эрдмийн цол гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Үүсгэсэн огноо: 2020-10-16

 

   АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны тогтоол, Захирлын тушаалаар Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эрдэм судлалын бүтээл туурвих их үйлсээрээ манлайлсан шилдэг эрдэмтэн, багш нарт эрдмийн цол гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

  Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг нээж АШУҮИС-ийн захирал АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ их сургуулийн  бахархал, үнэт зүйл нь эрдэмтэн багш, профессорууд болохыг дурьдаад  “Профессор” цол бол эрдэм оюуны охийг оюутан шавь нартаа харамгүй хүртээж, их сургуулийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүндтэй эрдэмтэн багш нарт олгодог цол болохыг онцоллоо.

   АШҮУИС-ийн 89 эрдэмтэн, багш нар энэ жил  эрдмийн цолонд нэр дэвшсэн нь манай их сургуулийн хөгжлийн түүхэнд урьд өмнө байгаагүй тоон үзүүлэлт байлаа. Эдгээр эрдэмтдээс 13 профессор, 29 дэд профессор, 13 клиникийн профессор төрөн гарлаа.

   Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүй бол манай их сургуулийн хөгжлийн бодлого, сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой билээ.  Шинээр эрдмийн цол хүртсэн эрдэмтэн багш нар маань хамт олноо манлайлан төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө уйгагүй зүтгэж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

  АШУҮИС-ийн “Профессор”, “Дэд профессор”, “Клиникийн профессор” хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж буй нийт эрдэмтэн багш нартаа цаашдын эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх, эмчлэн сэргийлэх ариун үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

 

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай.

Бусад мэдээ, мэдээлэл