ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Үүсгэсэн огноо: 2014-04-07

   ЭМШУИС-ийн ахмад багш, химийн ухааны доктор, профессор Зэсэм овогтой Ичинхорлоо нь хүнд өвчний улмаас 2014 оны 04 сарын 05-нд таалал төгслөө. З.Ичинхорлоо нь 1955 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн бөгөөд 1962-1966 онд Бүрд сумын Улаантуг бригадын бага сургууль, 1966-1970 онд Зүйл сумын 8-н жилийн дунд сургууль, 1970-1972  онд Хужирт сумын 10-н жилийн сургууль, 1972-1977 онд МУИС-ийн  Химийн салбарыг химич, химийн багш мэргэжлээр тус тус төгсжээ.

   Тэрээр 1977оноос өнөөг хүртэл тасралтгүй 34 жил ЭМШУИС-ийн Эмзүйн сургуулийн Анагаахын химийн тэнхимд багшаар ажиллаж, эмч бэлтгэх үйлсэд тасралтгүй зүтгэж, өөрийн бүх ухамсарт амьдралаа боловсрол, эрүүл мэндийн салбарт зориулжээ.

     З.Ичинхорлоо нь “Эхийн ба малын сүүний биоэлементүүдийн хөдлөл зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 1998 онд дэд профессор, 2012 онд  профессор цол хүртсэн юм.

            Багш З.Ичинхорлоо нь Олон улсын болон дотоодын  эрдэм шинжилгээний  150 гаруй бүтээл, 19 шинэ бүтээл, ашигтай загварыг  гаргаж эрүүл мэндийн болон хүнсний салбарын практикт нэвтрүүлсэн судлаач, эрдэмтэн,  ЭМШУИС-ийн хүндэт профессор багш байлаа.    

            З.Ичинхорлоо нь “Айраг судлаачид, хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн, “Хүнсчдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн,  ажлуудыг гүйцэтгэж байжээ.

            Багш З.Ичинхорлоогийн хөдөлмөр бүтээлийг үнэлэн  Боловсролын тэргүүний ажилтан (1995), дэд профессор цол (1999),  ЭМШУИС-ийн хүндэт өргөмжлөл (2012 2002, 2005, 2007),  “Алтан гадас одон” (2003),  Эрүүл Мэндийн Тэргүүний ажилтан (2013) цол тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

          Таны төлөв даруу, уйгагүй, хөдөлмөрч, энэрэнгүй зан чанар, хийж бүтээхийн төлөөх их зүтгэл тань хамтран зүтгэгчид, шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

            БАГШ, ЭРДЭМТЭН ТА Монголын үе үеийн эмч, багш, шавь нартаа мөнхөд дурсагдах гавъяатай хүмүүн билээ.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ЭМШУИС-ийн захиргаа, хамт олон

ЭМЗҮЙН  сургууль

Анагаахын химийн тэнхим

Other news