“Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний олон улсын IV хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа

“Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний олон улсын IV хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа

Үүсгэсэн огноо: 2014-06-23

      Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг, АШУҮИС-ийн Эм зүй-Био-Анагаахын сургууль хамтран “Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт” (Fourth International Conference on Current advances in Microbiology and Immunology) эрдэм шинжилгээний олон улсын IV хурлыг 2014 оны 6-р сарын 19-21-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

   Тус хуралд Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, Швед, Монгол зэрэг улс орнуудын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 20 гаруй судлаачид болон Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын Үндэсний Төв, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн нийт 50 гаруй судлаач оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, бичил амь-дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцлээ.

   Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион байгуулагдсан эмч мэргэжилтнүүдийн тасралгүй сургалтанд гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон, илтгэл хэлэлцүүлэн, лекц уншсан байна. Тухайлбал, ХБНГУ –ын Хенрих Хайнины Их сургуулийн профессор Клаус Пфеффер, Бергит Хенрих, Колин Маккензий, Адам Ортвин, Япон улсын Нагасакийн Их сургуулийн профессор Кацуюики Юуие, Асахикавагийн Их сургуулийн профессор Акира Ито, Швед улсын Каролинскийн Институтын профессор Марк Гилберт, БНСУ-ын АСАН Эрүүл мэндийн төвийн профессор Сеог Воон Квон, академич П.Нямдаваа, Монос группын ерөнхийлөгч доктор Л.Хүрэлбаатар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн профессор Ш.Дэмбэрэл нар оролцсон нь ОУ-ын хурал, сургалт семинарын ач холбогдлыг тодорхойллоо.  

Эмч нарын тасралтгүй сургалтанд 110 гаруй оролцогч хамрагдаж, онолын суурь шинжлэх ухааны болон эмнэлзүйн чиглэлээр лекц сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ хурал нь Бичил амь, Дархлаа судлалын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах өргөн боломжийг олгож өгсөнөөрөө онцлог боллоо.

   Хурлын үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр ажилласан ерөнхий спонсор Монос Эмийн үйлдвэр, дэмжигч байгууллагууд болох Амин эх, Гялс, Оном сан, Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Сетунари компаниуд болон АШУҮИС-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Ирэх хурал 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдоно.

Бусад мэдээ, мэдээлэл