Анагаах ухааны их, дээд сургуулийн сургалтанд зориулсан “Мэдрэл судлал”(2014) сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

Анагаах ухааны их, дээд сургуулийн сургалтанд зориулсан “Мэдрэл судлал”(2014) сурах бичиг хэвлэгдэн гарлаа.

Үүсгэсэн огноо: 2014-09-10

Зохиогчид: Цорос Г.Цагаанхүү, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор Цорос Ц.Дэлгэрмаа, АУ-ны магистр

Санал шүүмж бичсэн:  Д.Өлзийбаяр, АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУ-ны доктор, дэд профессор

Номын хэмжээ: формат В5, 176х250, 1/10;756 х.

    Зохиогчдын Анагаах ухааны их, дээд сургуулийн ахлах курсийн оюутан, магистр, докторын сургалт, мэдрэлийн эмч нарт зориулж туурвисан “Мэдрэл судлал” хэмээх үндэсний хэмжээний сурах бичгийн эрэлт хэрэгцээ их байгаа тул уг номын шинэчлэн нэмж засварласан гурав дахь хувилбар “ADMON” хэвлэлийн газар хэвлэгдэн, уншигч судлаачдын гар дээр очиж байна.

   “Мэдрэл судлал” сурах бичиг үндсэн 31 бүлэгтэй; удиртгал, ерөнхий мэдрэлсудлал (1-10-р бүлэг), тусгай мэдрэл судлал (11-31-р бүлэг), номзүй, индекс хэмээх хэсгүүдийг батаасан, нийт756 нүүр хуудастай, дотоод, гадаадын хэвлэлийн 200 гаруй эх сурвалж, 180 гаруй зураг, загвар, хүснэгтээр баяжуулан, онол практикийн өргөн мэдээллийг багтаасан, суралцагчдын олж авах мэдлэгийг чадвар болгоход чиглэгдсэн суурь бүтээл болно.

Сурах бичгийн удиртгал хэсэгт өгүүлсэн мэдрэл судлалын түүхэн товчоо нь мэдрэлийн өвчин эмгэг, хамшинжийг тодорхойлон бичсэн анхдагчид, түүний цаг хугацаа, судалгаа шинжилгээний аргуудын практикт нэвтэрсэн үе шатыг орон цагтай нь холбон үзэж, ирээдүйгээ төсөөлөхөд түлхэц болох юм.

    Ерөнхий мэдрэл судлалын хэсэгт (1-10-р бүлэг) мэдрэлийн системийн бүтэц-үйлийн үндсэн нэгж болох нейрон, рефлексийн тухай орчин цагийн ойлголт, хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр, вегетатив тогтолцоо, дээд мэдрэл,танин мэдэхүйн хүрээний өөрчлөлтийн бүрдвэр шинж тэмдэг, хамшинж, тэдгээрийн анатомийн байршилзүйн холбогдол, үзлэгийн арга техникийг утга учрын холбоонд нь тодорхой логик дарааллаар орчин үеийн мэдлэгийн түвшинд бүлэглэн бичсэн болно. Мэдрэлийн өвчин эмгэгийн эмнэлзүйн шинжүүс эх зүй тогтлыг бүтэц-үйл ажиллагааны өөрчлөлттэй нь холбон тайлбарласнаар мэдрэлийн хам шинж, байршилзүй, эмнэлзүйн оношийг зөв тогтоох, клиникийн практикт цөөнгүй тохиолдох оношийг “хэтрүүлэх”, “дутаах” алдаанаас сэрэмжлэх түлхүүр болсон гэж үзнэ.

Эмнэлзүйн мэдрэл судлалын практик өргөн ашиглаж буй орчин үеийн онош зүйн техник − нейрорадиологи (КТ, СРТ); нейрофизиологи (ЭЭГ, ЭМГ); хэтавиандопплер (ДСГ, дуплекс), анагаах ухааны удамзүйн шинжилгээний талаар бүлэглэн оруулж, тус бүрийн онцлогийг тодотгон заахын зэрэгцээ эмчийн клиник сэтгэлгээний юугаар ч орлуулж болохгүй давуу талыг товойлгон гаргасан болно.

Сурахбичгийн дэд хэсэгт (11-31-р бүлэг) мэдрэлийн эмгэгийн үндсэн хам шинжүүдийг ангилан бичиж, ялангуяа, эмнэлзүйн практикт олонтоо тохиолдох гавлын дотоод даралт ихсэлт, толгой өвдөх, толгой эргэх хөдлөл, уналт таталт, тэнэгрэл, ухамсарт ухааны өөрчлөлт, комын байдал, тархины үхлийн талаардэлгэрэнгүй оруулсан нь зөвхөн мэдрэлийн эмч төдийгүй, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн эмч мэргэжилтний мэдлэгийн санг баяжуулахад ач холбогдолтой гэж үзлээ. 

12-31-р бүлэгт мэдрэлийн системийн өвчин эмгэгийг ОУ-ын ангиллын (ОУӨА-10) дагуу бүлэглэн бичиж, гүнзгийрүүлэн судлах хэвлэлийн эх сурвалжийг зааж өгсөн нь Европ, Америкийн сурах бичгүүдтэй харьцуулан уншиж, мэдлэг, чадвар, туршлагаа улам батжуулахад чухал удирдвар болох учиртай.

     Манай улсын хүн амын дунд түгээмэл тархсан толгой, нурууны өвдөлт, эпилепси,  тархины судасны эмгэг, захын мэдрэлийн өвчин, мэдрэлийн цочмог, архагхалдвар,  аутоиммун эмгэг, тархи-нугасны гэмтэл, хавдар, мэдрэл-булчингийн хийгээд хөдөлгөөний тогтолцооны удамшлын өвчний шалтгаан, эмгэг жам, яаралтай оношилгоо, эрчимт эмчилгээ, эмнэлэг-нийгмийн тусламжийн асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн болно. Мөн дотор эрхтэн, дотоод шүүрэл, холбох эдийн тогтолцооны өвчний үеийн мэдрэлийн хүндрэл (соматоневрологи), невроз, биеших эмгэг болон өнөөүед нийгмийн анхаарлыг ихээхэн татаж буй архисал, мансуурах дон, эмийн бэлдмэл, химийн бодисын нөлөөт хордлогын асуудлаар нэмэлт бүлэг оруулсан нь цаг үеийн шаардлагаас урган гарсан оновчтой шийдэл юм.

Энэхүү номын бас нэгонцлог гэвэл, анх удаа хүүхэд, өсвөр үе, идэр нас, жирэмсэн, насжилтын үеийн мэдрэлийн эмгэг, мэдрэлийн тогтолцооны гаж хөгжил, хромосомын гажиг, перинатал эмгэг, ангиоматоз, нейрофиброматоз, бодисын солилцооны удамшлын өвчний талаар шинэ бүлгүүдийг нэмж оруулан, хүүхдийн мэдрэлийн эмч нарт нэн хэрэгцээтэй мэдээллийг багтааснаараа өмнө нь хэвлэгдсэн хоёр хувилбараас үлэмж өргөжсөн давуу талыг эндээс харж болно.

Сурах бичгийн хоёр дахь хэвлэлтэд мэргэжил нэгт нөхдийн өгсөн санал шүүмжийг үндэслэн, холбогдох сэдвийг сүүлийн үеийн мэдээллээр баяжуулсан бөгөөд энэ удаагийн гурав дахь хувилбарыг мэдрэлзүйч эмчтэй хамтран бичсэн нь клиникийн өдөр тутмын практикт тулгарч байдаг олон асуудалд (тухайн тохиолдолд тохирох шинжилгээ, эмчилгээний заалт гаргах, ялган оношлох, оношийн гаргалгааг зөв хийх, эмийн тун хэмжээг тохируулах г.м.) нотолгоонд сууриласан тодорхой хариулт өгөх давуу боломж олдсоныг тэмдэглэх нь зүйтэй.

    Ийнхүү зохиогчдын туурвисан “Мэдрэл судлал” хэмээхсурах бичиг нь АШУҮИС, түүний салбар сургуулиудын сургалтын бүх шатлалд  мэдрэл судлалаар суралцаж буй оюутан, резидент, магистрант, докторант, мэдрэлийн эмч нарт зориулсан суурь бүтээл болно.

Бусад мэдээ, мэдээлэл