Оюутны эрүүл мэндийн төв нээгдлээ

Оюутны эрүүл мэндийн төв нээгдлээ

Үүсгэсэн огноо: 2014-12-19

     Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежид суралцагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалан тэдний эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор оюутны эрүүл мэндийн төв байгуулагдаж 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үүд хаалгаа нээлээ.

    Нийслэл Улаанбаатар хотод түр болон удаан хугацаагаар оршин сууж, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмжийг өргөжүүлж байгаад  энэхүү төвийн ач холбогдол оршиж байгаа юм.

    Төвийн нээлтэнд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн захирлын зөвлөл, удирдах зөвлөлийн төлөөлөл, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч доктор Су Нянт У, БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, Ерөнхий мэргэжил суурь ур чадварын тэнхмийн багш нар, оюутан залуусын төлөөлөл болон бусад албаны хүмүүс байлцлаа.

   Оюутны эрүүл мэндийн төвийн нээлтэнд АШУҮИС-ийн захирал хэлсэн үгэндээ: Оюутанд үйлчлэх Эрүүл мэндийн төв байгуулах саналыг нааштайгаар дэмжиж, бүх талын дэмжлэгийг үзүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангасан ДЭМБ, МОХ-нд АШУҮИС-ийн захиргаа, багш, ажилтан, оюутнууд төдийгүй Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас суралцаж буй нийт оюутан залуусын нэрийн өмнөөс, талархал илэрхийлээд энэхүү төвийн цаашдын үйл ажиллагааг улам бэхжүүлэхэд БСШУЯ, ЭМЯ, Нийгмийн даатгалын газрын тусламж дэмжлэг бидэнд зайлшгүй шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.

   Тус төвөөр дамжуулан оюутан залуучуудад эрүүл мэндийн анхан шатны бүхий л тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, тэдний эрүүл амьдрах, эрүүл суралцах сайхан боломж нээгдэж байна.

 Энэхүү төвд АШУҮИС-н эмч, багш нар мэргэжлийн үйлчилгээг үзүүлж, хурдавчилсан оношлуураар шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, сувилгаа хийж, шаардлагатай тохиолдолд манай их сургуулийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн дараагийн шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Монголын ирээдүй болсон залуучуудын эрүүл мэндийг хамгаалах үйлс улам батжин дэлгэрэх болтугай.

Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхим, АУС, АШУҮИС

Other news