Эрдэм шинжилгээ > erdmynzuvlul > Цөм лаборатори

Цөм лаборатори

Цөм лаборатори

 

ШУТГ Цөм лаборатри хариуцсан мэргэжилтнүүд

 

         Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь анагаах ухааны боловсролын сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээний цогц байдлыг хангах зорилгын хүрээнд судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж, нийт 5,3 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар судалгааны цөм лабораторийг шинээр байгуулж байна. АНУ, Япон, Герман, Хятад, Энэтхэг, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн өндөр технологийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори нь эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлаа гүйцэтгэх таатай орчныг бүрдүүлэн, тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана.

       Ийнхүү АШУҮИС-ийн эрдэмтэн багш судлаачид Цөм лабораторид эсийн өсгөвөр, молекул биологи, уургийн болон химийн анализ, эмгэг судлал, амьд эсийн дүрслэл, туршилтын амьтны лаборатори гэсэн үндсэн 6 чиглэлээр олон улсын жишигт хүрэхүйц эрдэм шинжилгээ, инновацийн судалгааны ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой боллоо.

Нэг. Эсийн өсгөврийн лаборатори 

        Эсийн өсгөврийн лабораторид нуклейн хүчлийн, уургийн зэрэг биоанагаахын судалгаанд ашиглагдах анхдагч болон шугаман эсийн өсгөвөр ашигласан биоангаахын төрөл бүрийн судалгаа явуулах боломжтой. Хүн болон туршилтын амьтны эс ашиглан эрүүл болон эмгэг жамын төрөл бүрийн in vivo судалгааны загварыг бүтээнэ. Тэдгээрээс ялган авсан эсийн анхдагч өсгөврийн болон шугаман эсийн in vitro судалгааг хослуулан гүйцэтгэснээр судалж буй бай эсийн ялгарал хөгжил, түүнээс ялгарах цитокин, биологийн идэвхит бодис, молекулуудын харилцан үйлчлэл, эрүүл болон эмгэг жамын нарийн төвөгтэй механизмыг эсийн түвшинд судлан шинжлэх болно. Бид эсийн өсгөврийн туршилт шинжилгээний ариун,биоаюулгүй орчныг олон улсын стандартын дагуу бүрдүүлээд байна. 

       Эсийг шугаман эс болгон хувиргаж мөнхжүүлэх технологид түшиглэн туршилт, шинжилгээнд ашиглах сорьцны дундрашгүй ундрагыг бий болгоно. Цөм лабораторит эсийн өсгөврийн болон туршилтын сорьцны бүхий л сан хөмрөгийг хадгалах тоног төхөөрөмжийг (4, -20, -80 хэмийн хөргөгч, хөлдөөгч, -200 хэмийн шингэн азотын сав) цогцоор нь суурилуулаад байна. 

Бид өсгөврийн лабораторийг түшиглэн доорх чиглэлийн судалгааг явуулна. Үүнд:

Үүдэл эсийн судалгаа

Дархлааны болон бусад эсийн судалгаа

Хавдрын эсийн судалгаа

Үрэвсэлт эмгэгийн судалгаа

Мэдрэлийн сөнөрөлт эмгэгийн судалгаа

Эдийн инженерчлэлийн судалгаа зэрэг болно. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоёр. Молекул биологийн лаборатори

         Молекулбиологийн лаборатори нь биологийн төрөл бүрийн сорьцноос удмын материал болох нуклейн хүчлийг ялгах, олшруулах, дэс дарааллыг нь тогтоох зориулалт бүхий багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 

       Нуклейн хүчлийн өвөрмөц дэс дарааллыг тогтоосноор ген, геномын түвшинд полиморф хэлбэршил, мутац өөрчлөлтийг илрүүлэн, тэдгээрийг эрүүл болон эмгэг өөрчлөлтүүдтэй холбон судлах бололцоотой болно.

       Бид молекул биологийн лабораторид доорх чиглэлийн судалгааг явуулна. Үүнд:

Популяцийн генетикийн судалгаа

Биеийн хэв шинжийн судалгаа

Өвчин эмгэгийг нөхцөлдүүлэгч ген, геномын судалгаа зэрэг болно. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гурав. Уургийн болон химийн анализ 

          Уургийн болон химийн анализийн лаборатори нь биологийн гаралтай бүтээгдэхүүнд агуулагдах уураг, витамин, биологийн идэвхит болон эмийн бодисуудын молекулыг ялган тооны болон чанарын шинжилгээг хурдан хугацаанд хийх өндөр чадавхит шингэний хроматографи болон масс спектрометр зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. 

       Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байгалийн гаралтай түүхий эд манай оронд түгээмэл тархацтай ургадаг ургамал, амьтан, эрдэс бодисоос биологийн идэвхт бодисуудыг ялгах, тэдгээрийн тоон болон чанарын судалгааг энэхүү лабораторид гүйцэтгэнэ. Эх орны байгалийн гаралтай түүхий эдээс биологийн идэвхит бодисыг цэвэршүүлэн гарган авах, үйдлийг тогтоох, улмаар эмийн хэлбэрт оруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь Монголын анагаах ухааныг олон улсад таниулах, сурталчлах брэнд судалгааны чиглэл юм. 

 

 

 

Дөрөв. Эмгэг судлалын лаборатори

 

        Эмгэг судлалын лаборатори нь биологийн материалаас эс, эдийг ялган бэхжүүлж эдийн зүсмэг бэлтгэн судлахад шаардлагатай хөлдөөгчтэй микротом, дархан туяаралт микроскоп зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон.

      Иммуногисто химийн болон дархан туяаралт шинжилгээ нь эмгэг судлалын, эсийн өсгөврийн, молекул биологийн, уургийн экспрессийн зэрэг судалгааны үр дүнг нотолгоожуулахад зайлшгүй шаардлагатай.

 

 

Тав. Амьд эсийн дүрслэл

 

        Микроскопийн лабораторид суурилагдсан электрон ба конфокал лазерийн микроскопийн иж бүрдлийг ашиглан амьд эсийн бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг өндөр нарийвчлалтайгаар судлах боломжтой юм. 

       Энэ технологи нь өвчний эмгэг жамыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх, эмчилгээний шинэ арга боловсруулах, шинэ эмийг үйлдлийг судлах боломжийг олгоно. 

        Амьд эсийн дүрслэлийн технологийг ашиглан мэдрэл, дотоод шүүрлийн эсүүдийн дохиолол дамжилтын механизмыг тодорхойлох судалгааг хийнэ.

 

 

Зургаа. Туршилтын амьтны лаборатори 

Туршилтын амьтны лаборатори нь дараах орчин үеийн шаардлагад нийцсэн төхөөрөмжөөр тоноглогдсон. Үүнд:

Туршилтын амьтны тархины ховдолд бичил мэс ажилбар хийхстереотаксик мэс заслын иж бүрдэл,

Хөдөлгөөн, биеийн хэм, зүрхний цохилт, цусны даралт зэрэг физиологийн үзүүлэлтүүдийг хэмжих, дамжуулагчийг амьтны дотор байрлуулж зайнаас шалгах  телеметрийн систем,

Туршилтын амьтныг О2/CO2 хийн зохистой харьцааны цэвэр агаараар агааржуулах автомат системтэй, хооллох болон уух зориулалтын саваар   тоноглогдсон иж бүрдэл зэрэг болно. 

Туршилтын амьтдыг нутагшуулан үржүүлэх, туршилтын таатай орчинг бүрдүүлэн, туршилтын амьтныг биоанагаахын судалгаанд ашиглах ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах болно.