Оюутан Оюутан > Бусад > Дүрэм,журам

Дүрэм,журам

Дүрэм,журам

III БҮЛЭГ. Оюутны бичиг баримттай

холбоотой журам

Оюутантай холбоотой тушаал, албан тоот боловсруулах,бүртгэх, биелэлтэнд

хяналт тавих журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1.     Журмын зорилго нь оюутантай холбоотой тушаал, албан тоот боловсруулах, бүртгэх, биелэлтэнд хяналт тавих ажлыг зохицуулахад оршино.

1.2.     Оюутны албаны декан оюутантай холбоотой тушаалуудын төслийг боловсруулж батлуулна.

1.3.     Оюутантай холбоотой тушаалыг бүрэлдэхүүн, салбар, сургуулиудын захирал бие даан гаргахгүй.

1.4.     Захирлын тушаалыг боловсруулахдаа холбогдох дүрэм, журмын заалтыг мөрдөнө.

Хоёр. Тушаал, албан тоот боловсруулах

2.1. Тушаал, тушаалын хавсралт, албан тоотыг төслийн эхийг Оюутны албаны декан боловсруулна.

2.2. Тушаал, албан тоотын хэл найруулга нь товч тодорхой, зөв бичих дүрмийн дагуу алдаагүй бичигдсэн байна.

2.3. Албан байгууллагын нэрийг товчлохгүй, гадаад үг оруулахгүй, орчуулж болох гадаад үг хэллэг, нэр томъёог Монгол хэл  дээр орчуулж бичнэ.

2.4. Тушаалын агуулга ёсоор өмнө нь гарсан тушаалыг өөрчлөх буюу зарим заалтыг хүчингүй болгож байгаа бол тэр тухай захирамжлах хэсэгт дурдаж, хүчингүй болгож байгаа шийдвэр, түүний холбогдох заалтын дугаар, огноог заавал бичнэ.

2.5. Тушаалын захирамжлах хэсгийн заалтуудыг үйл үгийн захиран тушаах хэлбэрээр бичнэ.

2.6. Декан тушаал, албан тоотын утга найрлага, тушаал гаргах үндэслэл зөв эсэхийг хариуцна.

Гурав. Тушаал, албан тоотын төслийг хянах

3.1. Тушаал, тушаалын хавсралт, албан тоотын төслийг их сургуулийн захирал, дэд захирлууд, холбогдох алба, хэлтсийн дарга, бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирал нарт танилцуулж санал авна.

3.2. Тушаалтай танилцаж, саналаа бичгээр өгч, танилцуулах хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.3. Декан тушаалын төсөлд санал авсаны дараа их сургуулийн захиралд танилцуулж зөвшөөрөл авна.

3.4. Тушаалын үндэслэл, агуулга дутуу, тодорхой бус, бичвэрийн шаардлага хангаагүй бол буцаана.

3.5. Тушаалын төслийг захиралд танилцуулах, албан маягт дээр хэвлэх, гарын үсэг зуруулж тамга дарж баталгаажуулах үүргийг захирлын туслах хүлээнэ.

3.6. Тушаалыг 3% үйлдэх ба боловсруулсан, хянасан, эх бэлтгэсэн ажилтны нэрийг сургуульд үлдэх хувийн эцсийн хуудасны арын зүүн доод өнцөгт бичиж, гарын үсэг зурж баталгаажуулна.

Дөрөв. Тушаалын биелэлтэнд хяналт тавих

4.1. Оюутны тушаалын биелэлтийн хэрэгжилтэнд Боловсрол эрхэлсэн дэд захирал, Оюутны алба, Сургалтын бодлого зохицуулалтын алба, Санхүү менежментийн алба, бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирлууд хяналт тавина.

 4.2. Тушаалыг дугаарлах, гарын үсэг зурж баталгаажуулах, хувилах ажлыг Архивын эрхлэгч хариуцна.

4.3. Оюутантай холбоотой тушаалын төсөлд гарын үсэг зурах албан тушаалтны санал өгөх хуудсыг хавсаргав.

Оюутны бичиг баримт шинээр болон дахин

Олгоход баримтлах журам 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  АШУҮИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн оюутнуудад бичиг баримт шинээр болон дахин олгох, үйл ажиллагааг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2.   Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдлөг болгоно.

1.3.   Оюутны бичиг баримт гэдэгт Оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр, энгэрийн тэмдэг, ЭМД-ын дэвтэр зэрэг багтана.

1.4.   Оюутны бичиг баримтыг зөвхөн Их сургуулийн Оюутны алба олгоно.

Хоёр.Шинээр бичиг баримт олгох

2.1. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр тус их сургуульд албан ёсоор элсэн суралцаж буй оюутнуудад нэгдсэн журмаар оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр, энгэрийн тэмдэг олгоно.

2.2. Оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр, энгэрийн тэмдгийг стандартын дагуу хэвлүүлж, зохих бичилт хийнэ.

2.3. Бичиг баримтны үнийг их сургуулийн зохих дансанд хийж, баримтыг Оюутны албаны мэргэжилтэнд өгнө.

2.4. Бичиг баримтанд оюутны овог нэр, мэргэжил, элссэн он, сар, өдрийг гараар тодорхой бичиж, декан гарын үсэг зурж, дардас дарж албан ёсоор баталгаажуулна.

Гурав. Дахин олгох

3.1. Бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд дахин нэг удаа олгоно.

3.2. Дахин бичиг баримт авах хүсэлтэй оюутан хэрхэн хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тухай бичгээр өргөдөл гаргаж Оюутны албаны деканд өгнө.

3.3. Декан өргөдөлтэй танилцаж дахин олгох тухай шийдвэрийг бичгээр гаргаж зөвшөөрөл олгоно.

3.4. Зохих зөвшөөрлийг үндэслэн Оюутны албаны мэргэжилтэн бичиг баримтыг шинээр захиалж ажлын 5 хоногт багтаан хэвлүүлж, бичилт хийж, деканаар гарын үсэг зуруулж, дардас дарж баталгаажуулна.

3.5. Дахин олгох бичиг баримтны төлбөрийг их сургуулийн зохих дансанд тушааж, төлбөрийн хуудсыг Оюутны албанд өгнө.

3.6. Дахин олгосон оюутны бичиг баримтанд "Дахин олгов" дардас дарна.

Дөрөв. Бакалаврын диплом, хавсралт дахин олгох

4.1. Тус их сургуулийг төгсөгч /мэргэжилтэн/ мэргэжлийн диплом, хавсралтаа хаяж гээгдүүлсэн бол дахин олгоно.

4.2. Төгсөгч диплом, дипломын хавсралтаа үрэгдүүлсэн, дахин авах тухай хүсэлтээ тодорхой илэрхийлсэн өргөдөл бичгээр гаргаж Оюутны албанд өгнө.

4.3. Диплом, дипломын хавсралт олгохдоо БСШУ-ны Сайдын 2002 оны 355 дугаар тушаал, их сургуулийн захирлын 2005 оны А/36 тоот тушаал, архивын материалыг үндэслэл болгоно.

4.4. Диплом, хавсралт хаяж гээгдүүлсэн тухай Цагдаагийн байгууллагын албан ёсны тодорхойлолт авчирна.

4.5.  Их сургуулийн захирлын тушаалаар диплом, хавсралт олгох асуудлыг шийдвэрлэнэ

4.4. Дахин олгож буй диплом, хавсралтын үнийг их сургуулийн зохих дансанд тушаана.

4.5. Диплом, хавсралтыг Оюутны албаны мэргэжилтэн ажлын 10 хоногт багтаан захиалж, бичилт хийж бэлэн болгоно.

4.6. Дахин олгож буй оюутны бичиг баримт, бакалаврын диплом, хавсралтын тухай тусгай дэвтэрт тусгай дэвтэрт бичиглэл хийж бүртгэнэ.

4.7. Дахин олгосон оюутны бичиг баримт, бакалаврын диплом, хавсралт тухайн материалыг Оюутны албанд тусгай хавтсанд хадгална. 

Бакалаврын төгсөлтийн бичиг баримт бүрдүүлэх, хэвлүүлэх, олгох,төгсөлтийн арга хэмжээ

зохион байгуулахад баримтлах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   Бакалаврын боловсрол эзэмшиж буй төгсөгчидтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд журмын зорилго оршино.

1.2.   Журмыг боловсруулахдаа Албан хэргийг Монгол бичгээр хөтлөх тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг, БШУ-ны сайдын бакалаврын диплом олгох тушаал, АШУҮИС-ийн диплом олгох тушаалуудыг үндэслэл болгов.

Хоёр. Дүн тулгах

2.1. Төгсөгч нь суралцсан хугацаандаа үзэж судалсан бүх хичээлийн сурлагын дэвтэр дэх дүнг Оюутны болон Сургалтын Бодлого Зохицуулалтын албаны арга зүйчтэй ирж нэг бүрчлэн тулгалт хийж баталгаажуулна.

2.2. ИСУМС-ийн Оюутны программд байгаа дүн оюутны сурлагын дэвтэрт буй дүнтэй зөрөх тохиолдолд их сургуулийн архивт хадгалагдаж байгаа шалгалтын хуудастай тулгаж дүнг тэнд бичигдсэнээр тооцно.

2.3. Шалгалтын хуудсанд бичигдсэн дүн эцсийн шийдвэр болно.

2.4. Дүн тулгаж дууссаны дараа түүнийг хавсралтыг баталгаажуулж, оюутан өөрийн гарын үсгийг зурж, он сар өдрийг бичнэ.

2.5. Дүн тулгаж гарын үсэг зурж баталгаажуулсанаас хойш дүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт хүлээн авч дүнд засвар хийхгүй.

2.6. Дахин шалгалтын дүнгээр тухай хичээлийн дүнг эцэслэн тооцно.

2.7. Дүн тулгалтыг СБЗА-аас баталсан хуваарийн дагуу 1/IV-1/V-ны хооронд хийнэ.

Гурав. Онцгойлох диплом олгох

Суралцах хугацаандаа дараах болзол хангасан төгсөгчдөд онцгойлох диплом олгоно.

3.1. Дүнтэй шалгагдсан бүх хичээлийн 75-аас дээш хувь нь А, бусад нь В үнэлгээтэй

3.2. Голч дүн 3.7 ба түүнээс дээш байх

3.3. Дүн ахиулах зорилгоор дахин шалгалт өгч байгаагүй

3.4. F үнэлгээ авч байгаагүй

Дөрөв. Диплом, хавсралт бичих

4.1. Оюутны албанаас төгсөгчдийн диплом, дипломын хавсралтын эх загварыг гаргаж, их сургууль, бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирлууд, Сургалтын Бодлого Зохицуулалтын албанд танилцуулж бичгээр зөвшөөрөл авна.

4.2. Диплом, дипломын хавсралтыг зөвхөн гэрээ хийсэн байгууллагад захиалж хийлгэнэ.

4.3. Диплом, дипломын хавсралт нь өөрийн зохих нууцлалтай байна.

4.4. Диплом, дипломын хавсралтыг Кирилл, Монгол, Англи хэл дээр хэвлүүлнэ.

4.5. Төгсөгчдийн диплом дээр овог, нэрийг хар өнгийн тушээр зөвхөн гараар бичнэ.

4.6. Дипломын хавсралт дээр голч дүнг зууны нарийвчлалтай бичнэ.

4.7. Голч дүнг 0.5-аас их бага тал руу шилжүүлэн тооцохгүй.

4.8. Дипломын хавсралтын дүнд Оюутны дүнд үнэлгээ өгөх комисс  үнэлгээ хийж баталгаажуулсаны дараа хэвлэнэ

4.9. Диплом, дипломын хавсралтанд холбогдох хүмүүс гарын үсэг зурсаны дараа их сургуулийн тамга дарж баталгаажуулна.

4.10. Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн диплом дээр тангараг өргөв, дардас олгов,тэмдэг олгов гэсэн тэмдэг дарна.

4.11. Оюутны болон Сургалтын бодлого зохицуулалтын албаны ажил хариуцсан хүний буруугаас диплом, хавсралт алдаатай бичигдсэн, эмчийн дардас буруу хэвлэгдсэн бол дахин хэвлүүлэх зардлыг тухайн ажилтан хариуцана.

4.12. Харин төгсөгчийн буруу бол дахин хэвлүүлэх зардлыг өөрөө хариуцна.

4.13. Дипломын хавсралтыг ИСУМС-ийн төгсөлтийн модулийг ашиглан хэвлэнэ.

Тав. Бусад материал бүрдүүлэх

5.1. Төгсөгч тодорхойлолт анкетыг бичиж Оюутны албаны деканаар хянуулан бэлэн болгож, түүнийг декан, бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурж, их сургуулийн тамга дарж баталгаажуулна.

5.2. Төгсөгч тодорхойлолт анкетанд наах тухайн онд авхуулсан 3х4 хэмжээтэй 3 хувь өнгөт зураг бэлдсэн байна.

5.3. Тодорхойлолт анкетанд бичигдсэн зүйлийн үнэн бодитой эсэхийн хариуцлагыг төгсөгч өөрөө хариуцна.

5.4. Төгсөлтийн бичиг баримтны үнийг их сургуулийн холбогдох дансанд заасан хугацаанд хийнэ.

Зургаа. Төгсөлтийн бичиг баримт олгох

6.1.   Диплом, дипломын хавсралт, тодорхойлолт анкет зэрэг үндсэн бичиг баримтыг зөвхөн төгсөгч оюутанд өөрт нь өгч, хүлээн авсан баримтанд гарын үсэг зуруулна.

6.2.   Оюутны хувийн хэрэгт байгаа материалуудыг буцаан олгоно.

6.3.   Тооцооны хуудас бүрэн зуруулсан оюутанд бичиг баримт олгоно.

Долоо. Төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулах

7.1.   Оюутны алба бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран Төгсөлтийн арга хэмжээг нэгдсэн байдлаар "Хүндэтгэлийн ёслол"-ын хэлбэрээр зохион байгуулна.

7.2.   Хүндэтгэлийн ёслолыг тусгай хөтөлбөрийн дагуу Оюутны албаны декан удирдаж явуулна.

7.3.   Төгсөгчдөд диплом, хавсралт, эмчийн дардас, энгэрийн тэмдгийг ёслол төгөлдөр, хүндэтгэлтэйгээр гардуулна.

7.4.   Оюутны албаны декан Хүндэтгэлийн ёслолд бэлтгэх ажлын төлөвлөгөөг батлуулан мөрдөж, холбогдох албан тушаалтан хяналт тавьж ажиллана.

IV БҮЛЭГ. Оюутны ёс зүйтэй холбоотой журам

АШУҮИС-ийн Оюутны тангараг өргөх

хүндэтгэл үйлдэх журам 

АШУҮИС-д тухайн хичээлийн жилд албан ёсоор элсэн суралцаж буй  1 дүгээр дамжааны бүх оюутнууд АШУҮИС-ийн "Оюутны тангараг"-ийг ёс төртэй өргөнө.

Тангараг өргөх ажиллагааны байрыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж АШУҮИС-ийн лого, далбаа, Оюутны албаны далбаа, бүрэлдэхүүн сургуулиудын далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.

Тангараг өргөх оюутнууд товлосон цагт ёслолын танхимд бэлэн болсон байна.

Тангараг өргөх ёслолыг тусгай хөтөлбөрийн дагуу Оюутны албаны декан удирдаж явуулна.

Тангараг өргөх хүндэтгэлийг Оюутны алба, Бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран зохион байгуулна.

Тангарагийг хамтаар өргөх ба нэг оюутан эхэлж,  бусад нь дагаж уншина.

Тангарагийг өргөж дууссаны дараа оюутнууд АШУҮИС-ийн далбаанд нэгэн зэрэг бөхийж хүндэтгэл үзүүлнэ.

Тангараг өргөсөн оюутнууд нүүрэн талдаа АШУҮИС-ийн лого бүхий "АШУҮИС-ийн Оюутны тангараг" гэсэн үсэгтэй дотор талдаа тангарагийн бүрэн бичвэр бүхий тангарагийн бичигт он, сар, өдөр бичиж гарын үсэг зурна.

Тангарагийг оюутан хувийн хэрэгт хадгална.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа декан тангараг өргөсөн оюутнуудад баяр хүргэж ёслолыг хаана.

Ёслолын арга хэмжээнд оролцсон бүх хүмүүс их сургуулийн сүлд дууг дуулна

Засгийн газрын 2008 оны 46 дугаар

тогтоолын нэгдүгээр хавсралт

ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ,

ХҮНДЭТГЭЛ ҮЙЛДЭХ ЖУРАМ

1.   Монгол улсын болон гадаадын Анагаах ухааны дээд боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургуулийг "Хүний их эмчийн мэргэжлээр" төгсөж, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хүн бүхэн Хүний их эмчийн тангаргийг ёс төртэйгөөр өргөнө.

2.   Тангараг өргөх ёслолын ажиллагааны байрыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж Монгол Улсын Төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.

3.   Тангараг өргөх эмч тусгайлан бэлтгэсэн байранд тогтоосон цагт хүндэтгэлтэйгээр Монгол улсын Төрийн сүлд руу харан цэх зогсоно.

4.    Тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан зохион байгуулан удирдана. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан, ёслолын ажиллагааг нээж, хүний их эмчийн тангаргийн бичгийг тангараг өргөгч бүрт гардуулна.

5.    Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх ажиллагааг Эрүүл мэндийн яам, холбогдох эмнэлгийн сургуультай хамтран зохион байгуулна. Тангаргийг хамтаар өргөх бөгөөд тэргүүний төгсөгч оюутан Монгол улсын хүний их эмчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана.

6.    Тангаргийг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөг сөхрөн Монголд улсын төрийн далбаанаас адис авна.

7.   Тангараг өргөж байх үед ёслолын ажиллагаанд оролцогчид босож хүндэтгэнэ.

8.    Тангараг өргөсөн эмч нь нүүрэн талдаа Монгол улсын төрийн сүлдтэй, түүний дор "Хүний их эмчийн тангараг" гэсэн үсэгтэй, дотор талдаа Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний их эмчийн тангараг"-ийн бүрэн бичвэр бүхий тангаргийн бичигт Тангараг өргөсөн он, сар, өдөр, овог нэрээ бичиж гарын үсэг зурна.

9.   Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан хүний их эмч нарт баяр хүргэж Тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.

10.  Гарын үсэг зурсан Тангаргийн бичгийг тухайн эмчийн хувийн хэрэгт хадгална.

АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.      АШУҮИС-ийн оюутны үүргийг баталгаажуулах, сургуулийн хамт олны харилцааг зохицуулах, хариуцлагын тогтолцоог бий болгоход энэхүү дүрмийн зорилго оршино.

2.     АШУҮИС нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлгээс ангид хууль, дүрэм, журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн байна.

3.     Оюутны тангараг нь ёс зүйн хэм хэмжээний илэрхийлэл бөгөөд чин сэтгэлээсээ даган мөрдөх баримт болно.

Хоёр. Оюутны ёс зүйн зарчим

2.1   АШУҮИС-ийн оюутан нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын заалт болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлдэг, идэвх чармайлт гарган суралцдаг, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хөндлөнгөөс саад учруулдаггүй, бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байна.

2.2   АШУҮИС-ийн оюутны ёс зүйн зарчимд дараахь зүйлс хамаарна.

Сургуулийн эрхэм зорилгыг дээдлэн хүндэтгэж, шинжлэх ухаанд шамдан суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах шилдэг, чадварлаг боловсон хүчин болох

Монгол Улсын хуулиуд, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмууд, сургуулийн дүрэм, дотоод журмуудыг сахих,

АШУҮИС-ийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх

Мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэх

Эрдэмтэн багш, ажилтан, ажиллагсдыг хүндэтгэх

Хичээлийн болон Оюутны байрны эд хогшлыг ариг гамтай ашиглах

Хамтран суралцаж буй бусад оюутнуудад аливаа байдлаар саад хийхгүй байх, нөхөрсөг, нийтэч хандан тусалж дэмжих

Нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээ, суралцаж буй мэргэжлийн зан үйлийн тусгай зарчмуудыг сахин баримтлах

Гурав. Ёс зүйн зөрчлийн ойлголт, хэлбэр

3.1   Ёс зүйн зөрчил гэдэгт ёс зүйн үндсэн зарчмуудад харшилсан, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд шууд болон шууд бус байдлаар хохирол учруулсан, энэ журамд заасан хэлбэр буюу бүрэлдэхүүнтэй ёс зүйн сөрөг үнэлэмж бүхий үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

3.2  Ёс зүйн зөрчлүүдэд дараахь зан суртахууны үйлдлүүдийг хамааруулна.

Суралцах үйл ажиллагааны  хүрээнд

Хичээл таслах, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч явах

Хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд саад учруулах, бусдын тавьсан шаардлагыг үл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах

Шалгалтын материалыг санаатайгаар задлах, тараах, шалгалтанд зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах, хуулах, гар утас, цахим хэрэгсэл хэрэглэх

Хичээлийн цагаар хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессэж бичих, тоглох зэргээр цахим хэрэгслийг хичээлийн бус зориулалтаар ашиглах

Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажил, хичээлийн бие даалт гүйцэтгэхдээ бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг хуулбарлах

Багшийн өгсөн дүн, оноог засч үнэлгээг өөрчлөх, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлөх

Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах

Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг, гарын авлагыг зүй зохисгүй ашиглах, гэмтээх, устгах, дахин ашиглах боломжгүй болгох

Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах

Бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах

Хууль бус аргаар дүн, шалгалт, урамшуулал, тэтгэлэг, гэрчилгээ, диплом авах, хуурамчаар үйлдэх

Хувцаслалтын талаар

Суралцах үйл ажиллагаанаас бусад хүрээнд

Сургуулийн анги, танхим, албан тасалгаа, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх, орж байрлах

Сургуулийн өмчид хамаарах хөрөнгө, ном сурах бичиг, эд зүйлс, тоног төхөөрөмжийг зориулалтын бус байдлаар ашиглах, гэмтээх

Оюутан сургах гэрээ болон сургуулийн дүрэм, журмын заалтыг зөрчих, тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх

Сургуулийн нутаг дэвсгэрт бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлсөн зохисгүй үйлдэл гаргах

Сургуулийн анги танхимд хөзөр, компьютерийн тоглоом  тоглох

Сургуулийн эрхэм зорилго, нэр хүндийг ноцтой унагаах, аливаа үл хүндэтгэсэн үйлдэл хийх

Сургуулийн бичиг баримт, мэдээ мэдээллийг гэмтээх, устгах, хуурамчаар үйлдэх, зөвшөөрөлгүйгээр хувилах, хэвлэх

Сургуулийн дотоод журмыг ноцтойгоор зөрчих, бусдыг доромжлох, заналхийлэх, эрх чөлөө болон хувийн нууцад нь халдах, амгалан тайван байдлыг алдагдуулах, эрдэм шинжилгээ, захиргаа, олон нийтийн ажлыг үймүүлэх, тасалдуулах

Сургуулийн орчим хориотой хар тамхи, архидан согтууруулах ундаа, хүйтэн болон галт зэвсэг биедээ авч явах буюу хэрэглэх

Анги, дамжаа, хот хөдөө, нас, хүйс, физиологийн зэрэг ялгаа үүсгэн бусдыг айлган сүрдүүлэх, эрхшээлдээ оруулах, зодож гэмтээх, элдэв татаас татах, дарамтлах, нэр төрийг нь гутаах

Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх, хутган үйлмүүлэх, бусдыг гүтгэх зэрэг ноцтой үйлдэл гаргах

Сургуулийн аюулгүйн болон бусад онцгой байдлын тоног төхөөрөмжийг буруугаар ашиглах, тэдгээрт гэмтэл хохирол учруулах, хариуцсан ажилтны үйл ажиллагаанд саад учруулах

Сургуулийн байр, эзэмшилд нэвтрэн орох түлхүүр, карт, кодыг зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад дамжуулах

Сургуулийн орчимд элдэв хог, шүлс, нус, цэр, бохь, тамхины иш хаях, ширээний тавцан, коридорын болон бусад ханан дээр элдэв юм бичих, зурах, эрээчих, цонх тагтнаас элдэв юм шидэх

Багш ажиллагсдыг үл хүндэтгэн харьцах, дайрч доромжлох, нэр төрийг нь гутаах

Сургуулийн орчинд халуун, хүйтэн зэвсэг, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг, хэрэгсэл ашиглах, хадгалах, эзэмшилдээ байлгах

Энэхүү дүрмийн заалтуудыг удаа дараалан зөрчсөн

Дөрөв. Ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага

4.1   Ёс зүйн зөрчилд гаргасан оюутанд дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

Анхааруулах

Амаар болон бичгээр сануулга өгөх

Амлалт авахуулах

Ёс зүйн сургалтанд хамруулах

Олны өмнө буруушаах

Учирсан хохирлыг нь төлүүлэх

Зарим эрхийг хязгаарлах (дотуур байрнаас гаргах, сургалтын төрийн сангаас хасах, диплом олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт хураах, улираан суралцуулах)

Тодорхой хугацаагаар суралцах хугацааг хойшлуулах

Сургуулиас бүрэн мөсөн чөлөөлөх

Хуулийн заалтад хамаарсан тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэх

4.2   АШУҮИС-ийн захирлын  тушаалаар шийтгэлийг ноогдуулна

4.3   АШУҮИС-ийн оюутан нь хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу шийтгэл хүлээх бөгөөд хэрэв хийсэн үйлдэл нь сургууль, хамт олны эсрэг чиглэгдсэн байвал энэ дүрмийн дагуу давхар хариуцлага хүлээнэ.

Тав. Ёс зүйн зөвлөл

5.1   Ёс зүйн зөвлөлийг сондгой тооны гишүүдтэй байхаар 2 жилийн хугацаагаар АШУҮИС-ийн захирлын тушаалаар томилно.

5.2   Багш, ажилтан, оюутны төлөөлөлд хамт олны саналыг үндэслэн ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүнийг сонгосон байвал зохино.

5.3     Бүрэлдэхүүний  болон салбар сургууль нь өөрийн ёс зүйн зөвлөлтэй байж болно

5.4   Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг зөвлөлийн гишүүдийн  хурлаас ил санал хуралтаар сонгоно.

5.5   Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75%-аас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Зөвлөлийн дарга шийдвэр, тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурна.

5.6   Зөвлөл ажлаа хичээлийн жилд улирлаар төлөвлөх ба улиралд хийх ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг хурлаараа хэлэлцэн баталгаажуулж, хэрэгжүүлнэ.

Зургаа. Зөвлөл дараах чиг үүргийг гүйцэтгэнэ

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, сурталчилж таниулах, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, түүний мөрөөр гэгээрүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил зохион байгуулах

Суралцагчаас социологи, сэтгэл ханамжийн судалгаа авах, дэвтэр аялуулах, ганцаарчилсан болон хэсэгчилсэн байдлаар хамт олны төлөөлөлтэй уулзаж ярилцах, санал солилцох зэргээр ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

Ёс зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авах

Ёс зүйн зөрчлийн нотолгоо, баримтыг шинэчлэн судалж, сахилгын шийтгэл ноогдуулах эсэх асуудлыг судлан, санал боловсруулах

Энэхүү ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох санал дүгнэлт боловсруулах, шийдвэрлүүлэх

Долоо.Зөвлөлийн дарга дор дурьдсан чиг үүргийн хүлээнэ

Зөвлөлийн хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах

Зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх

Зөвлөлөөс хийх ажлын төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

Оюутан ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол сургуулийн дотоод дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлэнэ.

Найм. Зөвлөлийн гишүүн дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ

Хариуцуулсан ажил, үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн дарга, зөвлөлийн хуралд мэдэгдэх

Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих

Уг дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон оюутан нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл МОХ-ны дэргэдэх ёс зүйн хороонд хандах эрхтэй. Оюутны эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн зөвлөл нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсож, зохих шийдвэрийг гаргана. 

Оюутны хувцаслалтын талаар баримтлах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   Оюутнуудын сургууль, эмнэлэг, сургалт, клиник сургалт, албан ёсны арга хэмжээний үед ёс зүйн хэм хэмжээг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2.   АШУҮИС-ийн оюутнууд энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхэлж дагаж мөрдөнө.

1.3.   Энэхүү журмын биелэлтэнд оюутан хариуцсан багш, ажилтан, сонгуульт оюутнууд хяналт тавьж, мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Сургалтын үеийн хувцаслалт

2.1. Оюутнууд хуваарийн дагуу явагдаж байгаа хичээлийн анги, танхимд заавал халат өмсөж, энгэрийн тэмдэг зүүнэ.

2.2. Халат, энгэрийн тэмдэггүй оюутныг хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцно.

2.3. Оюутнууд сургалтын анги танхимд цэвэр, цэмцгэр, нямбай хувцаслах бөгөөд цамцны ухлаадас эгмээр байх, даашинз юмуу юбка нь өвдгөөр, ташаа хавиараа хэт бариу биш байх, хөлийн хуруу ил гарахааргүй битүү, намхавтар өсгийтэй, зөөлөн ултай гутал өмсөнө.

2.4. Сургалтын үеэр загварын болон спорт загварын хувцас, богино юбка, шорт, бие нэвт гэрэлтсэн нимгэн хувцас өмсөх, чихнээсээ бусад газар ил харагдахуйц цоолж ээмэг, гархи зүүхийг хориглоно.

2.5. Улирлын болон явцын шалгалтыг өгөхдөө халат өмсөж, энгэрийн тэмдэг зүүсэн байна.

2.6. Эмэгтэй оюутнууд үсийг боосон байна.

Гурав. Клиник сургалтын үеийн хувцаслалт

3.1. Клиник сургалтын үед оюутнууд тухайн тэнхим, клиник эмнэлгийн сургалтын өрөөнд заавал халат, малгай, мэс заслын өмд, цамц, амны хаалт, зориулалтын гутал өмссөн байна.

3.2. АШУҮИС-ийн Оюутны ёс зүй, хандлага, нэр төр, энэрэнгүй, соёлч зан чанарыг эрхэмлэнэ.

3.3. Мэндлэх хүндлэх ёсыг дээдлэн эрхэмлэж, хичээлээс хоцрох, таслахыг хориглоно.

3.4. Эмчийн дүрэмт хувцас дутуу өмссөн эсвэл өмсөөгүй бол хичээлд суухыг зөвшөөрөхгүй, тасалсанд тооцно.

3.5. Төгсөлтийн шалгалтанд орохдоо эмчийн дүрэмт хувцастай байна.

Дөрөв. Албан ёсны хувцаслалт

4.1. Эрдмийн баяр, Төгсөлтийн хүндэтгэлийн ёслол, бусад хүндэтгэлийн арга хэмжээнд албан ёсны хувцастай оролцоно.

4.2. Албан хувцаслалтанд костюм /хослол/, брюкэн өмд, платье, монгол дээл, цагаан цамц, зангиа, ботинк зэрэг орно.

4.3. Хүндэтгэлийн арга хэмжээнд жинс, шорт, пүүз, футболка, чөлөөт хувцастай орохыг хориглоно.

4.4. Хүний эмчийн тангараг өргөх ёслолд зөвхөн цагаан халат өмсөх бөгөөд их сургуулийн энгэрийн тэмдэг /ромбо/ зүүнэ.

4.5. Эмэгтэй оюутнуудыг журамд зааснаас өөрөөр хувцаслах, этгээд чамин гоёлын ээмэг, бөгж, зүүлт хэрэглэх, хурц үнэртэй сүрчиг хэрэглэхийг хориглоно.

4.6. Хүндэтгэлийн арга хэмжээнд оюутны ёс зүй, хандлага харьцааны хэм хэмжээг мөрдлөгө болгож, хүндэтгэлтэйгээр оролцоно.