БиоАнагаахын сургууль > Бичил амь, Дархлаа судлалын тэнхим

Бичил амь, Дархлаа судлалын тэнхим

Бичил амь, Дархлаа судлалын тэнхим

     Өнөөгийн АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн  Бичил амь-Дархлаа судлалын тэнхим нь 1944 оны 9-р сарын 1-нд МУИС-ийн Микробиологийн тэнхим нэртэй байгуулагдаж, МУИС-ийн ректорын тушаалаар Зөвлөлтийн мэргэжилтэн микробиологч доцент Г.А.Бородулин 1944 оны 9-р сарын 1-ээс эхлэн тэнхмийн эрхлэгчээр томилогдож 1945 оны 10-р сарын 1 хүртэл ажиллаж  анхны сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд микробиологийн дадлагын хичээлийг ЭХЯ-ны харъяа хэд хэдэн жижиг лабораториудыг нэгтгэж 1932 оны 1-р сарын 2-нд байгуулагдаж одоогийн Улаанбаатар зочид буудлын суурин дээр байрлаж байсан Бактер шинжилгээний газрын лабораторийн бааз дээр түшиглэн явуулж  байв.

     Тэр үеэс эхлэн тус тэнхим нь дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх, хүн амд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх, халдвартай болон халдваргүй өвчнийг ялган оношлох, эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргуудыг боловсруулах, эрүүл ахуй, халдвар, микробиологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажлыг  хийх үндсэн зорилтуудыг амжилттай   хэрэгжүүлсээр ирсэн байна.

     Тэнхмийн түүхэн замнал нь манай улсын Эрүүлийг  хамгаалах  байгууллагын  хөгжилтэй салшгүй холбоотой өнгөрсөн үеийг туулсан бөгөөд түүний түүхэн  үе шатыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

     1-р үе нь 1944 оноос 1954 оныг дуустал (11 жил) буюу  сургалт     судалгааны материаллаг баазыг бий болгох, дээд мэргэжилтэй эмнэлгийн  ба багшлах боловсон хүчнийг бэлтгэх үе;

     2-р үе: 1955 оноос 1965 он дуустал (10 жил)  сургалт эрдэм шинжилгээний баазыг бэхжүүлж, дээд мэргэжилтэй болон эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үе;

     3-р үе  1965-1975 онд (10 жил) дээд мэргэжилтэй болон эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг улам эрчимжүүлж, сургалтыг  боловсронгуй болгон, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тууштай зохион байгуулсан үе;

    4-р үе 1976-1990 онд (15 жил)  эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэжилтэнийг үргэлжлүүлэн бэлтгэж, багш нарын мэргэжил мэдлэг дээшлүүлэн, тэнхмийн материаллаг баазыг бэхжүүлж, эрдэм шинжилгээний ажлыг эрчимүүлсэн үе;

     5-р үе (1991 оноос хойш) анагаах ухааны боловсролын шинэ үзэл баримтлалд зохицуулан сургалт, судалгааг хөгжилтэй орнуудын түвшинд ойртуулан, зах зээлийн харьцаанд нийцүүлэн зохион байгуулах үе зэрэг болно.

     1945  оны 10-р сарын 1-нд Г.А.Бородулин эх орондоо буцсан учир анагаах ухааны микробиологийн тэнхмийн эрхлэгчийн үүрэгт ажлыг эпизотологийн тэнхмийн эрхлэгч,  доцент Д.К.Бессоновт 1945 оны 10-р сарын 1-ээс 1946 оны 9-р сарын 1 хүртэл  хавсруулан хариуцуулжээ. Хүн эмнэлгийн факультетийн оюутанд ахлах багш К.Д.Буров 1945 оны 10-р сараас эхлэн лекц уншиж, дадлагын хичээлийг удирдсан ба 1946 оны 9-р сарын 1-ээс 1947 оны 9-р сарын 5 хүртэл тэнхмийн эрхлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэсэн байна.  Тэнхмийн дараагийн эрхлэгч анагаах ухааны дэд эрдэмтэн В.П.Смирнов 1947 оны 9-р сарын 5-аас 1948 оны 9-р сарын 1 хүртэл ажилласан ба тэнхмийн бүрэлдэхүүнд дэд эрдэмтэн А.П.Киселев, ассистент Галкин, лаборант Л.В.Бабушкина, Цэвэлмаа нар ажиллаж байсны зэрэгцээ 1946 оноос эхлэн лаборантаар ажиллаж байсан Б.Яримпил 1947 оны  9-р  сарын 5-наас ассистент багшаар томилогдон ажиллажээ.

     Тэнхмийн лаборантаар С.Б.Разубаева 1944 оны 9-р сарын 1-ээс 1948 оны 10-р сарын 6 хүртэл, Л.В.Бабушкина 1948 оны 10-р сарын 6-аас 1949 оны 7-р сарын 6 хүртэл тус тус ажиллаж байсан байна. Энэ үеэс эхлэн микробиологи ба эпизотологийн тэнхим болж, анагаах ухаан ба мал эмнэлгийн микробиологийн мэргэжилтэй эсвэл эпизотологич нар ээлжлэн тэнхим эрхэлж, тэнхим одоогийн МУИС-ийн төв байрны 4 давхарт байрлаж, хичээлийн 2 өрөө, багш  нарын өрөө, вивари, термостат, микроскопи, ердийн орчин бэлтгэх, Грамын будгаар будах зэрэг хэсгүүдтэй байжээ.

     1948 оны 9-р сарын 30-аас 1949 оны 8-р сарын 30 хүртэл микробиологи ба эпизотологийн тэнхмийн эрхлэгчээр дэд эрдэмтэн А.П.Киселев томилогдон ажиллажээ. Тэнхмийн бүрэлдэхүүнд ассистент Галкин, лаборант Цэвэлмаа болон цагийн багш нар ажиллаж  байв.

     1948 оны 9-р сарын 1-ээс 1950 оны 9-р сарын 1 хүртэл хүн эмнэлгийн факультетийн оюутанд микробиологийн лекцийг биохимич Б.М.Лебедев уншиж дадлагын хичээлийг удирдсан байна.

     Мөн 1949 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультет төгсгөөд багшаар үлдсэн Т.И.Игумнова дадлагын хичээлийг зааж байгаад ЭХЯ-ны сайдын 1950 оны 6-р сарын 30-ны өдрийн тушаалаар ЭХЯ-ны Бактер шинжилгээний газарт шилжсэн учир цаашид тэнхимд 7 хоногт 14 цагийн   ноогдол биелүүлэн цагийн багшаар ажилласан байна.

     Ректорын 1949 оны 7-р сарын  10-ны өдрийн 62-р тушаалаар мал эмнэлгийн факультет төгсгөсөн Х.Аюурзаныг эпизотологийн чиглэлээр аспирантаар ба эпизотологийн тэнхмийн эрхлэгчээр анагаах ухааны дэд эрдэмтэн М.П.Белов ажиллажээ. Тэнхмийн бүрэлдэхүүнд багш Б.Яримпил, Т.И.Игумнова нар цагийн багшаар,

     1952 оноос Г.Дашням, 1953 оноос Д.Дагвадорж нар ассистент багшаар багшилж,  аспирант Х.Аюурзана, лаборант Цэнд-Аюуш, Нацаг-Юм нар ажиллаж байв.

     1953 оны 9-р сарын 9-өөс 1955 оны 6-р сарын 23 хүртэл микробиологи ба эпизотологийн тэнхмийн эрхлэгчээр анагаах ухааны дэд эрдэмтэн, доцент В.Р.Соболев ажиллан хүн эмнэлгийн факультетийн оюутанд лекц уншиж дадлагын хичээл заасан ба мал эмнэлгийн факультетийн оюутанд багш Г.Дашням, багш Д.Дагвадорж, аспирантур төгсгөж тэнхимд багшаар томилогдсон дэд эрдэмтэн Б.Яримпил нар хичээл зааж, лаборант Цэнд-Аюуш, Нацаг-Юм нар  үргэлжлүүлэн ажиллаж байжээ.

     Тэнхим анх байгуулагдсан 1944 оноос эхлэн 1955 он хүртэлх 10 жилд зөвлөлтийн мэргэжилтэн багш нар тэнхмийн эрхлэгчээр ээлжлэн ажиллаж, сургалт, хүмүүжил, судалгааны ажлыг тасралтгүй зохион байгуулж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэн бий болгох, үндэсний дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, анхны багш сурган хүмүүжүүлэгч нарыг сургах зэрэг олон талтай ажлыг нэр төртэй хийж гүйцэтгэсэн гавъяатай юм.

     1955 оны 6-р сарын 23-ны өдрөөс эхлэн микробиологи ба эпизотологийн тэнхмийн эрхлэгчээр мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэн Б.Яримпил томилогдож, тэнхмийн анхны үндэсний эрхлэгч төрөн гарчээ.

     1956 оноос аспирантур төгсгөсөн багш Х.Аюурзана, их эмч Г.Санжмятав  нар багшаар ажиллаж эхэлжээ. 1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлгийн факультет тусгаарлан гарч албан ёсоор ХААДэС болон байгуулагдаж МУИС-ийн ректорын мөн өдрийн тушаалаар микробиологийн салбар, халдвар өвчин судлалын тэнхмийг нэгтгэн микробиолог, халдварт өвчин судлалын  тэнхимболгон байгуулж тэнхмийн эрхлэгчээр анагаах ухааны доктор Г.Жамбыг томилсон байна. АУДэС байгуулагдсантай холбоотой микробиологи, халдварт өвчин судлалын тэнхим бие даасан  тэнхимүүд болон байгуулагдахад микробиологийн тэнхимд  эрхлэгч анагаах ухааны  доктор Г.Жамба, багш Г.Санжмятав, лаборант Т.Пагма нар ажиллаж байв. 1961 он хүртэл микробиологийн хичээлийг зөвхөн хүн эмнэлгийн факультетын оюутанд зааж байгаад 1962 оноос хүүхдийн эмчийн болон шүдний эмчийн ангид, 1963 оноос  эмзүйн ангид, 1965 оноос эрүүл ахуйн ангид тус тус заасан байна. 1962 онд препараторчоор Даасүрэнг 1963 оноос бактериологич  эмч Л.Бямбааг микробиологийн багшаар тус тус ажиллуулсан байна.

     1965 оны 11-р сараас эхлэн халдварт өвчин судлалын тэнхимд харъяалагдаж байсан эпидемиологийн сургалт микробиологийн тэнхимд шилжсэн учир багш Ч.Дангаа заадаг хичээлийн хамт тэнхимд шилжин иржээ.

     Ч.Дангаа 1956 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг хүний эмчийн мэргэжлээр төгсгөж Архангай аймагт халдвартын эмчээр ажиллаж, 1959 онд эрүүл ахуйч халдвар судлаач эмчийн мэргэжил олгох 4 сарын курс төгсгөж нарийн мэргэжил эзэмшжээ. 1964 оны 7-р сард АУДэС-ийн халдварт өвчин судлалын тэнхимд эпидемиологийн багшаар томилогдон ирж ажиллаж байгаад 1965 оны 10-р сараас микробиологийн тэнхимд шилжин ажиллажээ. 1967-1969 онд тэнхимд уригдан ирсэн эпидемиологч доцент А.Ф.Рачковскийг дагалдан суралцаж эпидемиологийн нарийн мэргэжил эзэмшиж улмаар профессор Г.Жамба, доцент А. Ф.Рачковский нарын удирдлагаар анагаах ухааны  докторын зэрэг хамгаалсан байна. 1965 онд препараторч Даасүрэнгийн оронд Сүрэнг авч ажиллуулжээ.

     1966 оны 10-р сарын 1-нд тэнхим микробиологи эпидемиологийн тэнхим болон байгуулагдаж тэнхмийн эрхлэгчээр  ахлах багш Г.Санжмятав томилогджээ. Тэнхмийн бүрэлдэхүүнд багш Л.Бямбаа, Ч.Дангаа, лаборант Рэгзэдмаа, препараторч Сүрэн нар байв.

     1968 оны 7-р сарын 1-нээс мөн оны 7-р сард  АУДэС-ийн эмчилгээний ангийг төгсгөсөн их эмч Ц.Дагвадоржийг микробиологийн багшаар, 1969 оны 9-р сарын 1-нээс их эмч Б.Очирыг эпидемиологийн багшаар, багш Ц.Чулуунбаатарыг тарваган тахлын багшаар тус тус ажиллуулсан байна.

     Багш Ц.Дагвадорж багшлах ур чадвар эзэмшихийн зэрэгцээ байт сурын спортоор амжилттай хичээллэж спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.

     Багш Б.Очир 1959 онд ЗХУ-ын Ленинград хотод эрүүл ахуйн институт төгсгөж ЭХЯ, УАЦШБГазар, АЦХС-ын станц зэрэг газруудад эпидемиологичоор ажиллаж байгаад эпидемиологийн багшаар томилогдон  ажилласан байна.

     1976-1980 онуудад багш нарын бүрэлдэхүүн өсч, тэнхмийн материаллаг бааз бэхжиж, эрдэм шинжилгээний ажил улам өргөжиж, нарийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, багш, эмч нарын мэргэжил дээшлүүлэх олон ажил зохиогдсон байна. 1976 онд микробиологийн  мэргэжүүлэх дамжаагаар 12 бактери судлаач эмч бэлтгэжээ.

     1978 оноос бактер судлаач А.Хишигдорж микробиологийн багшаар, 1979 оноос эпидемиологч Б.Очирваань эпидемиологийн багшаар, 1980 оноос Г.Таня, Ж.Дугарсүрэн нар лаборантаар тус тус ажиллаж эхэлжээ.

     1981-1985 онууд бол тэнхмийн  материаллаг баазыг бэхжүүлж, сургалтын болон эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг сургалт, эрүүл мэндийн практикт нэвтрүүлэх, багш, эмч нарын мэргэжил дээшлүүлэх ажилд ахиц дэвшил гарсан жилүүд байв. Энэ 5 жилд тэнхмийн бүрэлдэхүүнд   тэнхмийн эрхлэгч анагаах ухааны  доктор доцент Г.Санжмятав,  багш  Л.Бямбаа, Ц.Дагвадорж, А.Хишигдорж, Б.Очир, Ч.Чулуунбаатар, Г.Таня / лаборантаар ажиллаж байгаад 1981 онд тэнхмийн микробиологийн багш болсон/,  лаборант Ж.Дугарсүрэн, Дийдэнцэцэг, препараторч Лхагва нар ажиллаж байсан ба 1985 оноос лаборант Д.Оюун, Ч.Дийдэнцэцэг, препараторч Д.Сарантуяа нар ажиллах болов. Энэ 5 жилд анагаах ухааны  доктор П.Нямдаваа, вирус судлаач Батболд, бактер судлаач Амарсанаа нар цагийн багшаар ажилласан байна.

     1985 оноос бактери судлаач, анагаах ухааны доктор Р.Энхтуяа микробиологийн багшаар ажиллаж эхэлжээ. 


Багш нар
Цэдэнбал Батчимэг
Пүрэвдорж Нарангэрэл
Гэлэгбалсан Өлзийжаргал
Норов Мөнхжаргал
Чанагсүрэн Ганчимэг
Төлеу Жанерке
Лхагвасүрэн Энхсайхан
Батжаргал Азжаргал
Магван Баттөр