АШУҮИС-ийн төв эмнэлэг

 

Эмнэлгийн танилцуулга, багш нарын туршлага: 

 

Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 215/A/150 тоот хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд АУИС, УКТЭ-ийн үйл ажиллагааг нэгтгэх түүхэн шийдвэр гарч Их сургуулийн тэнхим, эмнэлгийн тасгийг үйл ажиллагааны нэгтгэсэн боловч тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, байдал, эмч, мэргэжилтний ташаа ойлголт зэрэг олон шалтгааны улмаас удалгүй туурга тусгаарласан байдаг. Тухайн үеийн удирдлагууд бүхий л боломжийг эрэлхийлэн 2001 онд хувийн хөрөнгө оруулалтаар Их сургуулийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн ч өмчлөлийн асуудлыг шийдэж чадаагүй байдаг. Харин 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЭМШУИС-н захирлын А/41 тоот тушаалаар Анагаах ухааны сургуулийн харьяа “Эрхэс” (Гэрчилгээний дугаар ЭУ-07/23/3320. ЭМЯ. 2007/12/21) зөвлөх поликлиникийг ходоод гэдэс, дуран, мэдрэл судлал, дүрс оношилгоо, үйл оношийн кабинетуудтайгаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төв байрны өргөтгөлийн хэсэгт эхлүүлсэн нь их сургуулийн эмнэлгийн тогтолцооны эхлэл болсон байна.

Цаашид сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар “Эрхэс” эмнэлэг болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн байна. Ийнхүү Эрүүл мэндийн Сайдын 2012 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 233 тоот тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Их сургуулийн Нэгдсэн эмнэлэг болж зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, уушги, гастроэнтерологи, гепатологи, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, уламжлалт, сэргээн засах, урологи, хөнгөвчлөх, арьсны өвчин судлал, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинет, дуран, дүрс оношилгоо, лабораторийн тасгууд болон дотор, мэдрэл, мэс заслын 40 ортой хэвтүүлэн эмчлэх тасаг бүхий Сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн төв болон өргөжих суурь нь болсон юм. 

АШУҮИС-ийн Төв эмнэлэг нь 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11-р хороо, 4-р хороололд байрладаг, 7 давхар өөрийн байртай болж үйл ажиллагаагаа тэлсэн.

 

Нэгдсэн эмнэлгийн стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор багш нар, эмч нар үзүүлдэг, нийт 3 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн.

АШУҮИС -ийн Төв эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 34 ортой дотрын нэгдсэн тасагтай, сард 120-150 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр

/дотор, эмэгтэйчүүд, хүүхэд,  мэдрэл, уламжлалт, сэргээн засах/ хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. 

Амбулаторийн 12 чиглэлийн төрөлжсөн мэргэжлийн кабинетуудаар сард 4200-4400 үйлчлүүлэгчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийгддэг. Жилд 6.000 хүнд мэс засал хийх, 2.000 гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Ходоод бүдүүн гэдэсний дуран, дүрс оношилгоо болон клиник лабораторийн шинжилгээгээр сард 400-500 үйлчлүүлэгчид, жилд 4800 үйлчлүүлэгчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийгдэх боломжтой.

Диабетын төв, Сэргээн засах анагаах ухааны төв, Эрүүл мэндийг дэмжих төв,  Нярайн скрининг оношилгооны төв, Оюутны эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэгдсэн байдлаар үзүүлж АШУҮИС-ийн доктор профессор багш нар үзлэг зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хүний нөөцийн хувьд:

  • Анагаах ухааны доктор - 8
  • Анагаах ухааны магистр - 4
  • Сувилахуйн ухааны магистр - 4
  • Зөвлөх зэрэгтэй эмч - 8
  • Тэргүүлэх зэрэгтэй эмч - 6
  • Ахлах зэрэгтэй эмч - 5 багаа бүрдүүлэн ажиллаж байна.

 

 

Технологи, дэд бүтэц: 

 

АШУҮИС-ийн Төв эмнэлэг нь Бүгд Найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнл хэрэгжсэн “АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд компьютер томографи, мэс засал, дуран, лаборатори, ариутгалын нийт 70 төрлийн 87 ширхэг шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

 

Эмнэлзүйн сургалтын боломжууд: 

 

АШУҮИС-ийн Төв эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хүрээнд эмнэлэгт суурилсан сургалтын тогтолцоог хөгжүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг технологи, стандартын дагуу зохион байгуулан ажиллаж байна. 

Амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн кабинетүүд, болон лаборатори, хэвтүүлэн эмчлэх тасагт суурь ур чадвар, дотор өвчний онош зүй, дадлагажигч эмчийн сургалт, резидент эмчийн сургалтууд явагдаж байна.

 

 

Хамтын түншлэл: 

 

Нярайн эмгэгийг эрт илрүүлэх зорилготой оношилгооны төвийг АШУҮИС-ийн Төв эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус оношилгооны төв нь Монгол улсад төрсөн нярай бүрийг 100 хувь шинжилгээнд хамруулах хүчин чадалтай, 5-7 төрлийн эмгэгийг эрт илрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 6,500 гаруй нярайг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулан, Нийслэлийн амаржих газрууд болон 5 аймагтай хамтран ажиллаж байна.

Магадлан итгэмжлэл, харьяалал: 

 

АШУҮИС-ийн Төв эмнэлэг нь 2028 он хүртэл эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭУ-07/23/3320 гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус эмнэлэг нь 16 жилийн хугацаанд нийт 3 удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг амжилттай хангаж ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг 136 оношийн хамааралтай бүлгээр 2022 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хийсэн. Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгаас ирсэн үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хүлээгдэл багатай, аюулгүй хүргэж байна.

Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг

Утас: 70120091. 96665711
E-mail: hospital@mnums.edu.mn
Face: АШУҮИС-ийн Нэгдсэн Эмнэлэг MNUMS General Hospital