АШУҮИС-ийн эмнэлгийн тогтолцоо

МОНГОЛ УЛСАД ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН 

ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ 

 

Их сургуулийн эмнэлэг нь төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлэх, сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий судалгаанд тулгуурласан шинэ технологи нэвтрүүлэх, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах чиг үүрэг бүхий, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,  сургалт судалгааны цогцолбор байгууллага юм. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар, Төв эмнэлэг, Монгол-Япон эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлэг түүний салбар АШУҮИС-Дент гэсэн 5 эмнэлэг, Эмнэлзүйн молекул оношилгооны төв, Эрхэс болон Баянчандмань сувилалтайгаар их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэн, хөгжүүлэхээр тасралтгүй ажиллаж байна. 

Их сургуулийн эмнэлгийн хамт олон 2022 оны эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр 7227 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаториор 126870 үйлчлүүлэгч үйлчлүүлж, 7925 үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 2644 хүнд эрт илрүүлгийн шинжилгээ хийсэн нь улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн 12%, амбулаторийн үзлэгийн 7.2%-ийг эзэлсэн бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачааллыг хуваалцах тоо жил жилээр өсөн нэмэгдэж байна. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн төв эмнэлэгт нярайн скрининг оношилгооны төв байгуулагдаж 4-5 төрлийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх бүрэн боломжтой боллоо. Тус эмнэлэгт байгуулагдсан Диабетын төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Монгол-Япон эмнэлгийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн харьяанд бүрэн шилжүүлсэн. Монгол-Японы эмнэлэг нь ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Үений дурангийн хагалгаа, бүх төрлийн хавдрын мэс засал, сэргээн засах анагаах ухааны төв, эпилепсийн төв, ревматологийн төв, цусны гемофиллийн төв, Японы менежментийг тусгасан үйлчлүүлэгчийг дэмжих алба ажиллаж байна. 

Нүүр ам судлалын төв эмнэлэг нь амны салстын эмгэгийн эмчилгээ, имплантын төв,  нүүр амны согог, гажиг заслын эмчилгээ, мэсгүй гоо сайхны эмчилгээ, ортогнатик мэс заслын амжилттай хийж байна.  

Монгол анагаах ухааны төв эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, эм, заслын аргаар ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, уламжлалт эмчилгээний үр дүнг тооцох шинжлэх ухааны олон талт хамтарсан судалгааны ажлууд хийгдэж, клиникийн практикт үр дүнгээ өгч байна.

2023 оны байдлаар их сургуулийн эмнэлгүүдэд профессор багш нар 186 /27%/, эмч 85 /13%/, сувилагч 153 /22%/, эмнэлгийн мэргэжилтэн 56 /8%/, захиргаанд 58 /9%/, дэмжих үйлчилгээнд 143 /21%/ албан хаагчид ажиллаж, үндсэн мэргэжлийн 1018 эмч, төрөлжсөн мэргэшлийн 451 эмч резидент, төрөлжөн мэргэшлээр суралцаж байна.   

Үйлчлүүлэгч болон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн эрсдэлгүй ажиллах орчин нөхцөл бүрдсэн бөгөөд үйлчилгээндээ Япон менежментийг хэрэгжүүлсэн, үр дүнд суурилсан клиникийн сургалтын аргуудтай, үйлчлүүлэгч төвтэй, шинжлэх ухааны мэдлэг, нотолгоонд тулгуурласан үр дүнтэй эмчилгээний удирдамжуудыг хэрэгжүүлдэг, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. 

Их сургуулийн эмнэлгийн санхүүгийн менежмент нь стратегийн худалдан авалт ба эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангах нэг худалдан авагчтай буюу гүйцэтгэлийн санхүүжилт, өөрийн орлогоор санхүүждэг тогтолцоог хослуулан хэрэглэж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ оношилгоо эмчилгээний өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжид суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч, багш нарын мэргэшсэн багаар үзүүлдэг ба энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг дэмжих, эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор их сургуулийн эмнэлгүүдэд доорх төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд: 

1.1 Бүгд Найрамдах Австри Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Харьяа эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг Засгийн газрын 2021 оны 271 дүгээр тогтоолоор баталсан. 2023 оны 3-р сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн засгийн газар хоорондын комиссын 8-р хуралдаанаар АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх 7,5 сая еврогийн төслийг АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлгүүдэд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Төслийн хүрээнд АШУҮИС-ийн Төв эмнэлэгт дүрс оношилгооны тоног төхөөрөмж, ходоод гэдэсний дурангийн тоног төхөөрөмж, эмнэлзүй, нян судлал, молекул оношилгооны лабораторийн тоног төхөөрөмж, орчин үеийн өндөр түвшний мэс засал хийх  вакум хагалгааны орчин, эмнэлгийн хийн систем, бүх төрлийн хагалгаа хийх дурангийн багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн  ариутгал угаалгын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. 

Монгол улсад анх удаа АШУҮИС-ийн Нүүр ам судлалын төв эмнэлэгт нүүр амны согог заслын дижитал лабораторийн тоног төхөөрөмж, нүүр амны гажиг заслын дижитал лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн явдал нь төгсөлтийн өмнөх, дараах сургалтаар эмч нарыг мэргэшүүлэх, энэ чиглэлийн тусламж үйлчилгээг ард иргэд авах боломжийг нэмэгдүүлсэн онцгой ач холбогдолтой юм. 

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны төв эмнэлэгт уламжлалт эмчилгээ, спортын гэмтлийн үеийн эмчилгээний тоног төхөөрөмж, дүрс оношилгооны тоног төхөөрөмж, эмнэлзүйн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. 

1.2 “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы Эмнэлгийн 350 ортой өргөтгөлийн барилга барих” төсөл

Төсөлд эмнэлгийн барилгыг хүлээж авах, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулж дуусгах, эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулж, менежментийг төгөлдөршүүлэх гэсэн 3 үндсэн үйл ажиллагааг тусгасан ба их сургуулийн эмнэлгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлан төрөлжсөн мэргэжлийн эмч 64, сувилагч 144, бусад 39, нийтдээ 247 эмнэлгийн мэргэжилтэн бүрдүүлэн ажиллах, ба тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 164 нэр төрлийн 672 ширхэг багаж тоног төхөөрөмж, 350 ширхэг өвчтөний ортой байхаар төлөвлөж байна. Эмнэлэг нь жилд дунджаар 11000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд,  эрүү нүүрний мэс засал, гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх) хэвтүүлэн эмчилж, 4800-5200 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дунджаар 600 орчим хүнд, жилд 150,000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна. Урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хот, орон нутгийн үйлчлэх хүрээний бүх хэсэг нэгжүүдэд хүргэж ажиллах зорилтыг тавьсан. 

1.3 “Нярайн скрининг шинжилгээний төв” байгуулах төсөл 

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Төв эмнэлэгт “Нярайн скрининг оношилгооны төв” нээлтээ хийсэн. Тус төв нь нярайд 5-7 төрлийн эмгэгийг эрт илрүүлэх скрининг шинжилгээ хийснээр хүүхдийн хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, чанартай амьдралыг бий болгох, удмын санг цэвэр авч үлдэх зорилготой юм. Нээлтээ хийснээс хойш нийт Улаанбаатар хотын амаржих газруудаас 4,095, хөдөө орон нутгаас 3,898, нийт 7,993 хүүхдийн цусны дээжинд шинжилгээ хийж 3 эмгэгтэй нярайг эрт илрүүлж, хяналтдаа аваад байна. Түүнчлэн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн клиникийн дэргэд нярайн скринингийн төвийн салбарын байгуулав. Цаашид 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасгийг түшиглэн нярайн оношилгооны төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

1.4 Монгол анагаах ухааны төв эмнэлгийн харьяа Эрхэс сувиллын өргөтгөлийн ажил 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээлтийг багасгах, хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол анагаах ухааны төв эмнэлгийн харьяа Эрхэс сувиллыг өргөтгөж, 4 улирлын 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн ба 2024 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Их сургуулийн эмнэлгүүд нь 2023 онд нийт 17 шинэ технологийг эмнэлзүйд амжилттай нэвтрүүлсэн ба 2023 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Mongolia Health Technology Expo-2023” үзэсгэлэнд оролцож, шилдэг инноваци нэвтрүүлсэн эмнэлгээр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг шалгарсан. Шинээр нэвтрүүлсэн технологиудад: 

  • Нярайн хатаасан цусны толбонд төрөлхийн гажиг, бодисын солилцоо, дотоод шүүрлийн эмгэгийг тодорхойлох
  • Бүдүүн гэдэсний хэвийн бичил биетэнг шилжүүлэн суулгах эмчилгээ
  • Папийона-Лефеверийн хам шинжтэй өвчтөний согог заслын эмчилгээ
  • Амны салстын үрэвслийн эмчилгээнд хэрэглэгдэх Ахизунбер бэлдмэл 
  • Шүдний сувгийн оройг ЛИД аргаар ломбодоход кальцийн гидроксид агуулсан силикат суурьтай цемент материалын хэрэглээ
  • Уламжлалт гал засал эмчилгээ 
  • Туйплан эмчилгээ
  • Эмнэлзүйн молекул оношилгооны төвд хийгдэж буй 33 төрлийн ПСР шинжилгээ 
  • Цусны сийвэн солих эмчилгээ /TPE: Therapeutic plasma exchange/
  • Vital U-Vitrea workstation 
  • Shimadzu-Trinias C16 Unity Edition System, Biplane, 2018 
  • Нүдний угийн зургийг хиймэл оюун ухаанаар дүгнэх нь 
  • Урт хугацааны видео хяналтат тархины цахилгаан бичлэг 
  • Өвдөгний хиймэл үеийг роботикоор суулгах мэс засал 
  • Арьс орлуулагч арьсны эдийн суулгац болон нимгэн давхраат арьс нөхөх эмчилгээ
  • Нарийн гэдэсний double balloon endoscopy 
  • Дурангийн хэт авиан оношилгоо  

АШУҮИС-ийн их сургуулийн эмнэлгүүд ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Тухайлбал 2023 оны 06 сарын 07-оос 10-ны өдрүүдэд нүүдлийн эмнэлгийн багийг бүрдүүлэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын 100 гаруй ард иргэдэд мэс засал, урологи, хэт авиа, эмэгтэйчүүдийн мэргэжлийн тусламж үйлчилгээг амжилттай хүргэсэн ба Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ахисан түвшний дурангийн дөрвөн удаагийн мэс засал хийж гүйцэтгэснээр ажлын байран дахь сургалтыг тус тус  амжилттай зохион байгуулсан. 

2023 оны 09 дүгээр сарын 16-17-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Дарви сумын цэцэрлэг, сургуулийн 957 хүүхдэд амны хөндийг эрүүлжүүлэх тусламж үйлчилгээ, 712 ард иргэдэд дотор, хүүхэд, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо хийж, тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

2023 оны 10 сарын 27-28 ны өдөр Архангайн Ихтамир сумын сургууль цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг оношилгоонд 480 гаруй хүүхэд хамрагдаж, дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, дүрс оношилгооны чиглэлээр 400 гаруй  ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв. 

“Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” Симпозиум 

 “Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн” хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран  “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” Симпозиумыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар зохион байгуулсан. Тус симпозиумд АШУҮИС, Япон улсын Токушима их сургууль, Нагояа их сургууль, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас нийт 13 илтгэгч их сургуулийн эмнэлгийн тогтолцооны эрх зүй, их сургуулийн эмнэлгийн менежмент ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц гэсэн 3 үндсэн хэсгийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн. Симпозиумд судлаачдаас нийт 68 судалгааны ажлын хураангуй ирсэн ба илтгэлийн хураангуй номыг англи хэлээр бэлтгэж, 150 ширхэг хэвлүүлсэн. “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” сэдэвт Симпозиумын тайлан гарсан.

“Эмнэлзүйн анагаах ухаан ба Их сургуулийн эмнэлгийн менежмент” хамтарсан симпозиум

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр АШУҮИС-ийн 80 жилийн ойг угтан  Япон улсын Олон улсын эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын их сургуультай (IUHW) хамтран “Эмнэлзүйн анагаах ухаан ба Их сургуулийн эмнэлгийн менежмент” сэдвээр хамтарсан симпозиумыг танхимаар Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын төрөлжсөн төв эмнэлэг, үндэсний төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгийн эмнэлгийн байгууллагууд, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн удирдлага, 4 эмнэлэг, бүрэлдэхүүн сургууль, салбар сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, багш нар зэрэг 300 орчим төлөөлөгчдийн оролцуулж Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газар зохион байгуулав. Япон Улсын Олон улсын эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын их сургуулийн 2 профессор, АШУҮИС-ийн 4 профессор Ковид-19 цар тахлын үед Монгол, Япон улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, элэг шилжүүлэн суулгалтын хөгжил, их сургуулийн эмнэлгийн менежментийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.

“Эмнэлгийн менежмент”-ийн олон улсын сургалт, семинар 

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Эмнэлгийн менежмент”-ийн олон улсын сургалт, семинарыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Тус сургалт семинарт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Франц улсын Клермонт Оверни их сургууль, Аль-Фарабигийн нэрэмжит Казакын үндэсний их сургууль, Турк улсын Анкара Хаджи Байрам Вели их сургууль, Тайван улсын Каошюн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн профессоруудаар эмнэлгийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмнэлгийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтанд ашиглах, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулж, үр ашигтай ажиллах менежментийг нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцын удирдлага ба загварчлал сэдвийн дор сургалт зохион байгуулна. Түүнчлэн эмнэлгийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцын удирдлага ба загварчлалаар семинар зохион байгуулагдах онцлогтой юм.   

2. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог цогцоор хөгжүүлэх, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтад бэлтгэхэд хамтран ажиллах  зорилгоор жил бүр үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүд, нэгдсэн эмнэлгүүд, амаржих газрууд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. 

Үүний дүнд төгсөлтийн өмнөх дадлага тойролт, төгсөлтийн дараах үндсэн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн тойролтыг эмнэлэгт түшиглэн хийж, эмч, мэргэжилтний ур чадвар, чадавхыг нэмэгдүүлдэг ба тухайн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний эрдэм судлалын ажлыг их сургуулийн зүгээс дэмжих, их сургуулийн эрдэмтэн багш нар тухайн эмнэлгүүдэд орчин үеийн анагаах ухааны шинэ технологи, эмнэлзүйн шинэчлэгдсэн удирдамжийн  сургалтыг тогтмол хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг

АШУҮИС-ийн төв эмнэлэг

Монгол анагаах ухааны төв эмнэлэг

Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг

Салбар эмнэлэг

Говь-Алтай эмнэлэг

Дархан эмнэлэг

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Дорноговь эмнэлэг

СУВИЛАЛ

Эрхэс Сувилал

Баянчандмань Сувилал

АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэг

АШУҮИС-ийн Төв Эмнэлэг

Дорноговь Эмнэлэг

Эмнэл Зүйн Молекул Оношилгооны Төв

Нүүр Ам Судлалын Төв Эмнэлэг

Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг

Эрхэс Сувилал

Говь-Алтай Эмнэлэг

Дархан Эмнэлэг